Saturday, April 6, 2013

ТАРХИНЫ ФИТНЕСС





Америкийн нэртэй эрдэм­тэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны академийн сэтгүүлд хэвлэг­дэн гарчээ. Тэрээр лабора­торийн туршилтдаа энгийн хүмүүс болон байнгын бя­салгал хийдэг буддын лам нар

тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шал­гарсан Мингүр ринбүүчийг Далай багшийн санал болгос­ноор оролцуулсан аж. Тархи­ны нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан суд­лахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлслийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зур­гаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэг­лэдэг бол Мингүр ринбүүчийн толгойд маш нарийн шин­жилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэ­лийн (эхийн хайр шиг) мэд­рэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүү­сийн­хээс хэд дахин илүү, харин Мингүр ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхш­руул­тал маш өндөр үзүүлэлт гар­чээ. Тархины үйл ажилла­гааны ийм өндөр эерэг үзүү­лэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлслийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам на­рынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тар­хийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тай­ван мэдрэмжийг төрүүлдэг хэс­гийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гад­ны нөхцөл байдлаас үл ха­мааран нигүүлсэнгүй, ам­га­лан мэдрэмжээ удаан хад­галж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоо­хон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шал­гаруулж байжээ. Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэ­хэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих бо­ломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судла­лын чухал ач холбогдолтой судалгаа болов. Тархи судла­лын энэ чиглэлийг невроп­ластик (тар­хины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж занш­сан мэдрэлийн эсийн до­хиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх гэх мэт) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадва­рыг хэлдэг. Оросын Нобе­лийн шагналт зохиолч Б.Пас­тернакийн "Живаго эмч" зо­хиолд гол баатар нь "би ер­төнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (плас­тическое восприятие) илүү дуртай" гэж хэлж байсан нь санаанд орж байна. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хү­ний сэтгэл ханамж, аз жар­галын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чад­лаа.

Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жар­галтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр мэргэжил, бусад шашны хүмүүсээс илүү буд­дын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн ан­хаар­лыг татаж энэхүү тур­шил­тад оролцсон нь чухам­даа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нар­тай хамтран ажиллахыг хүсч бай­на. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлгол­туудтай дүйж, харилцан нот­логдож байгаа талаар Мингүр ринбүүчи өөрийн саяхан гар­гасан номондоо бичжээ. Тэ­рээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уул­заж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа та­лаар шинжлэх ухааны үндэс­тэй тайлбарыг хийсэн тө­дийгүй хоосон чанар ба кван­тын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж но­мондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна. Энэ талаар доор дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажил­лагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханам­жийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нө­лөөнд хүргэ­дэг талаар мэдэх нь буддын гүн ухааныг шүтэж ирсэн мон­голчууд бидний хувьд маш чу­хал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьт­наас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайл­барлаж бо­лох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүүгээрт, хүн мэдлэг дам­жуулах чадвартай, хоёр­дугаарт, хүн соёлыг бий бол­годог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Мон­гол­чуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаад­тай, гайхам­шигт эрдэм чадал­тай лам нартай байсан. Ха­рамсалтай нь өнөөгийн мон­голчууд оюун­лаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөг­жүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна.

Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухим­далд дийлдэн, явцуу, хязгаар­лагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад филосо­фи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөн­цийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амь­дардаг. Зөвхөн харагдаж бай­гаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодгоос хүчир­хийлэл, мунхаглал, омог дээ­рэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнч­лэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

Сэтгэлээ танин мэдэхvй
Буддын сургаал нь сэтгэ­лээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхам­шигт хүч чадлыг бүрэн дүүрэн таньж мэдэх нь буддын сур­гаалын цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн тань­сан хүнийг гэгээрсэн гэж болох юм. Хэн бүхэн өөрий­гөө ажиглан хэсэгхэн хуга­цаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, ху­вирч байдгийг мэдэж болно. Аль нэг бодол санааг онцгой­лон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тар­хинд орж гаран байхыг ажиг­лах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанар­таа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаа­на маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чи­нээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чад­вар, чанар гэж томъёологдох боломжтой гэж Мингүр Рин­бүүчи үзсэн нь сонирхол татаж байна. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах бо­ломжгүйтэй ижил гэсэн үг. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нар­тай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагд­даг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа "өнгөө" хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татъя. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхдэдээ музейн үзмэрийн чухал, ач холбог­дойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийн­хээ яриаг тайван сонсч үзмэ­рийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэд­рэх нь үгээр илэрхийлэг­дэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргал­тай мэдрэмжийг мэдэрч сэт­гэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямар ч хувирамт­гай орчинд байсан энэ чана­раа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрий­гөө, өөрийнхөө оршин тогт­нолын төлөөх аминчхан бо­дол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүнийг сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрий­гөө хайрлаад зогсохгүй, бус­дын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүний­гээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэм­ших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэг­тээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ ба­талж, амьдрал дээр хэрэг­жүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дар­га, бизнесмен гээд ямар ч хүнийг өөрийн тогтсон дадал зуршлаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн.

Сэтгэлийн өнгөн талд бай­гаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртгийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцөлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чө­лөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн ча­нар­таа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөд­лөлөөс ангид амгалан оршдог. Ямар ч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсний шинж юм.

Бурхан багш энэ талаар нэгэн сургаал айлдсан бай­даг. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баял­гаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгө­рөө­жээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Тэ­гэ­­хээр хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баял­гаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байж, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрч­лөг­дөж, тэрээр ядуурал гач­лангаас ангижирсан. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр "эрдэнэ­сийг" нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь ха­рамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрч­лөгдөх сөн.

Тархины парадокс буюу сэтгэлээг чєлєєлєхvй
Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайл­бал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анх­ны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр бо­ловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лим­бийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм. Лимбийн хэсэгт дохио боловсруулж байх яв­цад тэрхүү дохиог тархины дээд хэсэг буюу дүн шинжил­гээ хийдэг неокортексийн хэсэгт шилжүүлж, тэр нь энэхүү улаан бөөрөнхий эд нь юу болохыг тогтоодог. Ингэх­дээ түүнийг тархинд хадга­лагдаж байгаа бусад мэдээл­лэлтэй харьцуулж, хайрцаг­лаж, дүн шинжилгээ хийснээр АЛИМ болохыг нь тодорхойл­дог аж. Учир нь хүний тархинд алим гэдэг энэ загвар хэдийн хадгалагдчихсан, алимтай холбоотой урьдны олон таа­ламжтай мэдээлэл байж бай­даг. Үүний үндсэн дээр хүн энэ алимыг яах, ямар үйлдэл хийхээ тодорхойлдог. Харин хэрвээ хүн урьд өмнө хэзээ ч алим гээчийг харж, амталж үзээгүй, энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, тархинд нь ямар нэгэн холбогдох мэдээлэл байхгүй болбол хүн алимыг хараад тэс өөрөөр хүлээн авах болно.

Буддын ухааны үүднээс үүнийг дүгнэж үзвэл хүн угтаа алимыг бодит байгаа байд­лаар нь хүлээн авч байгаа хэрэг бус харин өөрт нь тар­хинд нь тогтож заншсан алим­ны дүр төрхийг холбогдох мэдээллийн хамтаар хүлээн авч байна.

Цаашилбал, хэрвээ энэ уламжилсан, олон жилээр тогтож хэвшсэн тархин дахь загваруудыг өөрчлөх юм бол, үүний төлөө тархийг сургаж, дасгал хийвээс, хүний тар­хинд оршсон айдас, өөртөө итгэлгүй байдал, өвчин зэрэг олон тааламжгүй "хиймэл загваруудаас" ангижирч бо­лох ба энх амгалан, аз жарга­лыг удаан хугацаанд хадга­лах боломжтой гэж буддын лам нар үздэг юм байна. Сүүлийн үед хийгдсэн клиник судалгаанаас харахад бясал­гал нь хүний тархины хайр­цаглах, аль нэг загварт оруу­лах тэр чадварыг задалж өгдөг болох нь тогтоогдсон бөгөөд аливаа зүйлийг бодит байгаа байдлаар нь хүлээн авах, тархинд хиймлээр бий болгосон ялгавруудыг арил­гахад гайхамшигтай үр нөлөө­тэй аж. Ингэснээр бясалгал хийдэг хүн нь сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй болж, танин мэдэж байгаа зүйлийн бодит чанарын талаар өөрөө тодорхойлох чадвартай бол­дог аж.

Биднийг хүрээлэн буй эд зүйлс, хүмүүс, цаг хугацаа, бид өөрсдөө ч яг чухамдаа хэн, эсвэл юу юм бэ гэдэгт хариулах нь туйлаас төвөг­тэй болохыг жаахан ухаж бодоход л харагддаг. Тухайл­бал, өн­гөрсөн, одоо, ирээдүй гэж ялгадаг цаг хугацааг аваад үзье. Өнгөрсөн цагийн талаар хүнд гагцхүү дурсамж үлдэх бөгөөд тэр нь тархин дахь төсөөлөлөөс өөр юу ч бус байдаг. Ирээдүй гэхлээр мөн л мөрөөдөл, төсөөлөл. Тэгэ­хээр яг бодитоор бидэнд ганц­хан одоо цаг л үлдэж байна уу гэмээр. Одоо цагийг тодор­хойлох гэхээр жилийг арван хоёр сар, сарыг өдөр, өдрийг цаг, цагийг минут, секунд, мөч, хором гээд яг одоо энэ мөч гэхэд аль хэ­дийн өнгөрсөн цаг байдаг. Бурхан багш Буд­да цаг хуга­цааны жил, сар, өдөр зэрэг тодорхой нэгжид хуваагдах зарчмыг харь­цангуй чанар­тай гэж үзээд, туйлын чана­раар авч үзвэл нэг өдөр ч зуун жил шиг, эсвэл зуун жил нэг хором шиг байх нөхцөл бий гэж үзжээ. Нүд ирмэхийн зуур амьдрал өн­гөр­­лөө, зүүд шиг юм гэж хөгш­чүүлийг ярихыг сонсч байлаа. Цаг хугацаа, орон зай, эд юмс, үзэгдэл, хүний өөрий­гөө "би".гэх нь хүртэл бүгд харьцангуй, бие биенээсээ харилцан хамаарал бүхий, өөрөө дангаараа оршин тогт­нох боломжгүй, хувирамтгай, яг оноогоод тэр гэх боломжгүй болохыг буддын ухаанд хэ­дийн нээжээ. Ийнхүү юмс үзэгдлийн цаад мөн чанарыг бодитоор харах нь сэтгэлгээг чөлөөлөх, гэгээрэхийн үндэс юм. Харамсалтай нь хүн юмс үзэгдлийг бодитоор нь харах, ухаарахыг бус өөрийн төө­рөгдөл мунхагт хөтлөгдөн, үүнээсээ хамаг зовлонгийн эхлэлийг тавьдаг болохыг буддын номонд заасан байна. Хүн угтаа хиймэл, харьцангуй юмнаас болж уурлах, айх, дээрэнгүй байх, өөрийгөө хэт магтах зэргээр байнгын төө­рөгдөж, тархин дахь загва­рууд, төсөөллийг туйлын үнэн мэтээр бодож, шунаж, юмыг мөнх юм шиг бодож явдагаас өөртөө болон өрөөлд зовлон авчирдаг.

Орчин үеийн тархины суд­лал ийнхүү буддын номын утга агуулгад дүйцэж, олон талаар баталгаажиж байгаа нь гайхамшигтай юм. Бурхны ном нь зовлон хийгээд түүний шатгаан, зовлонгоос ангиж­рах, гэгээрэлд хүрэх зам мөрийг заадагаараа цогц ухаан бөгөөд юуны өмнө ертөнцийн мөн чанарыг зөв, бодитоор нь танин мэдэх, сэтгэл сэтгэлгээг зөв удирдах, өөрийн энэ болоод дараах амьдралаа улам хөгжих, бур­ханлиг чанар луу ойртох утга учиртайг сургасан байдаг. Өөр бусад бүх хүнээс илүү­тэй­гээр лам нар өндөр хэм­жээний гамма долгион (аз жаргалын, сэтгэл ханамжийн тархины үзүүлэлт) ялгаруул­даг, тэр нь удаан хадгалагддаг болохыг Америкийн тархи судлаачид туршилтаар но­толсон нь үүний тод жишээ юм.

Хоосон чанар ба квантын физик
Дээр дурдсан юмс үзэгд­лийн мөн чанарыг танин мэ­дэх, ухаарах тухайд буддын ухааны тулгуур ойлголт болох хоосон чанарын талаар өгүү­лэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнө цаг хугацааны харьцангуй байд­лын тухай өгүүлэхдээ хоосон чанарыг хэдийн ярьж эхэлс­нийг уншигч та ойлгосон байх. Бидний эргэн тойронд байгаа машин, байшин, ширээ сан­дал, уул хад, ус, од гаригс гээд бүх л биет, бодитоор хараг­даж байгаа зүйл устаж алга болж, шинээр үүсч, эсвэл өөр зүйлд хувиран өөрчлөгдөж байдаг. Та өөрөө ч хүүхэд байхаасаа өөрч­лөгдөж, үс тань бууралтах, арьс тань үрчлээтэж, дуу хоолой бүдүү­рэхийг анзаар­даг биз. Хүний толгойд янз бүрийн бодол санаа эргэл­дэж, баярлах гу­них зэргээр сэтгэл хөдлөл ч нөхцөл байдлаас хамааран ээлжлэн солигддог. Нобелийн шагналтан, суут физикч А.Эйнш­тэйн харьцангуйн онолоо нээснээс хойш цаг хугацаа, орон зай хүртэл хувьсан өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.

Аливаа юмс үзэгдлийн шалтгаан нөхцөлөөс үүдсэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгддөг чанарыг буддын ухаанд харьцангуй буюу бо­дит бус чанар гэж нэрлэдэг. Харин нөхцөл байдлаас үл хамааран хэзээд үл хуви­рах, бодит, мөнх, хязгааргүй чана­рыг туйлын буюу аб­солют чанар гэх бөгөөд дээр өгүүлсэн харьцангуй бүхэн (ширээ сандал, эмоци, хүний бие, од гариг гэх мэт) туйлын чанараас үүсч, эргээд түүнд шингэн алга болж, өөрөөр хэлбэл эдгээр нь туйлын чанарын ердөө өчүүхэн хяз­гаарлагдмал, хэлбэр дүрс төдий илэрхийлэл нь юм. Энэхүү юмс үзэгдлийн цаад эх буюу төгс, бодит, туйлын чанарыг буддын ухаанд хоосон чанар гэх бөгөөд боди­тоор оршиж, бидний нүдэнд үзэгдэж байгаа биет юмс үзэгдэл нь угтаа энэхүү хяз­гааргүйгээс үүссэн, хуви­рамт­гай, шалтгаан нөхцөлөөс хамаарсан буюу дан ганцаа­раа оршин тогтнох аргагүй тул мөн чанартаа хоосон юм. Бүхэн хоосон чанараас үүсч хоосон чанар лугаа шингэдэг. Бурхан багш Будда хоосон чанарын тухай айлдахдаа дүрс бол хоосон чанар, хоо­сон чанар бол дүрс, хоосон чанар бол дүрсээс өөр юу ч бус, дүрс бол хоосон чана­раас өөр юу ч бус гэжээ.

Ямар ч юмс үзэгдэл бие даан дангаар оршин тогтнох, эсвэл өөрөө өөрөөсөө үүсэх аргагүй, үргэлж аливаа өөр зүйлээс шалтгаалан өөрчлөг­дөж, харилцан хамаарч бай­даг, хувирамтгай тул түүнийг харьцангуй, бодит бус, мөнх бус гэж үздэг. Харин хоосон чанар бол тийм биш юм. Энэ нь хязгааргүй, туйлын чанар­тай, үг томъёогоор илэрхий­лэх боломжгүй бөгөөд дээр бичсэн нь гагцхүү логик ар­гаар тайлбарлах гэсэн оролд­лого гэж үзэж болох юм. Хоо­сон чанарыг бүх зүйлийг үгүйс­­гэх, байхгүй мэтээр бодох нь буруу бөгөөд аливаа зүйлийг бодитоор байгаа ч бус, бас байхгүй ч бус, шалт­гаан нөхцөлөөс хамааралтай, харьцангуй гэж үзэх нь зөв юм. Тухайлбал, та хэн нэгэн Доржийг намхан эсвэл өндөр хүн юм даа гэж бодож байж болох юм. Угтаа бол Дорж таны өндөр нам гэх бодлоос үл хамааран өөрийнхөөрөө байгаа хүн байтал та түүнийг аль нэг өндөр хүнтэй харь­цуулан түүнийг намхан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хүн ямар нэг зүйлийг дүгнэхдээ заавал өөр зүйлтэй харь­цуулж, түүнээс хамааруулан, нөхцөлдүүлж сайхан эсвэл муухай гэж ялгаж боддог. Ийм учраас таны бодол, дээрх дүгнэлт бол угтаа бодит бус, харьцангуй бөгөөд Доржийг энэ бүх харьцуулалт, хэн нэгний үнэлэмжээс нь ангид авч үзвэл өөрийнхөө байгаа төрхөөрөө оршиж байгаа, ямар нэг байдлаар тодорхой­лох боломжгүй, хоосон ча­нар­тай юм.

Хоосон чанарыг бясалга­лын замаар мэдрэх ойлгох боломжтой аж. Нуруугаа тэгш­лэн завилан сууж, амьс­галаа тайван авна. Толгойд орж бас гарч байгаа бодол, янз бүрийн мэдрэмжийг та хөндлөнгийн хүн шиг аль нэгэнд нь авталгүй сэтгэл­дээ болгоон доод тал нь ми­нут болох хэрэгтэй. Ингэхэд таны толгойд эргэлдэж буй бодлууд нэг тодрон гарч нэг алга болж, угтаа бол хоосон чанараас үүдэн бас эргээд түүн лүүгээ уусан, яг л далайн давалгаа нэг дээш давалгаалж эргээд далайдаа уусан буух шиг болохыг анзаарах буй заа. Далай буюу таны бодол санаа төрөн гарч бас эргээд уусан алга болж байгаа тэр хязгааргүй боломжит чанарыг хоосон чанар гэж нэрлэж байгаа хэрэг гэж Мингүр ринбүүчи адилтгасан байх юм.

Сонирхолтой нь хоосон чанарын тухай буддын гүн ухааны ойлголт нь орчин үеийн физикийн шинжлэх ухаанд квантын онолтой олон талаараа дүйцэж байна. Квант гэдэг нь атом дахь хамгийн жижигхэн, цааш үл хуваагдах хэсэг буюу энерги бөгөөд түүний зүй тогтлыг физикчид судлаад орчлон ертөнцийн мөн чанар, юмс үзэгдлийн хамгийн бичил ертөнц нь бидний нүдэнд харагдаж бай­гаагаас тэс өөр болохыг ба­талжээ. Нэрт физикч Нильс Бор "Хэрвээ та квантын оно­лыг судлаад шоконд орохгүй байвал та түүнийг ойлгоогүй юм байна гэж дүгнэхээс ар­гагүй" гэж хэлж байсан удаа­тай. Квантын хөдөлгөөн нь тодорхойлоход маш хүнд­рэлтэй, түүний байршил, хурд зэрэг нь уламжлалт физикийн зүй тогтлоос тэс өөр учраас өдий хүртэл нээгдээгүй, тайл­барлахад төвөгтэй олон зүйл эрдэмтдийн анхаарлыг тат­саар байна. Физикийн энерги хадгалах хуулиар бол аливаа юм бүрэн устаж үгүй болдог­гүй, харин өөр зүйлд хувирдаг. Жишээ нь мөс хайлаад ус болдог, харин ус ууршиж, ус төрөгч, хүчилтөрөгчийн атом болж задардаг. Тэгэхээр буд­дын номоор бол атомын түв­шинд эд юмс нь хувирамтгай, харьцангуй, бодит бус ча­нартай хэвээр байна гэж үзэх бөгөөд атомоос цааш задрах, туйлын чанартай, хувир­даггүй, дахин цааш хуваагдах боломжгүй, зүгийн хувь үгүй бичил хэсгийг байна гэж үз­дэг. Физикийн шинжлэх ухаан нь XX зуунд энэ бичил хэс­гийг олж нээхэд ихээхэн төв­лөрсөн бөгөөд атом нь байн­гын тогтвортой зүйл бус тэр­нээс ч илүү задарч электрон, квант, фотон зэрэг бичил хэсгүүд байдаг талаар нээл­түүд ар араасаа хийгдэж, өнөөдөр бидний хэрэглээнд лазер туяа, компьютер зэрэг гайхамшигт зүйлүүд нэв­тэрсэн.

Квантын онолоор квант нь замбараагүй, урьдчилан тоо­цоолох боломжгүй хөдөлгөөн бүхий заримдаа бичил хэсэг, заримдаа энергийн долгион шиг үйлдэлтэй. Аливаа үзэг­дэл нь тодорхой шалтгаан нөхцөлөөс болж өөрчлөгдөн улмаар шинэ үзэгдэл бий болох, эсвэл устаж алга болох зэргээр байнгын, урьд­чилан тогтоох боломжгүй хөдөлгөөнд оршиж байдаг нь хязгааргүй. Хүний бодол са­наа ч гэсэн тодорхой шалт­гаан нөхцөлөөс үүсдэг бөгөөд шалтгаан нөхцөл өөрчлөг­дөхөд мөн дагаж өөрчлөгддөг.

Бясалгал ба Ливингстон нэртэй цахлай
Бурхан багш ертөнц, юмс үзэгдлийн мөн чанарыг ийн­хүү гүн гүнзгий танин мэдээд, хүний зовлонгийн шалтгаан, түүнээс ангижрах арга зам, эцэст нь хүн гэгээрэлд хүрч бурхан болох зам мөрийг зааснаараа агуу юм. Дээр өгүүлсэн буддын гүн ухааны суурь ойлголт нь бясалгал хийхэд үндэс суурь болдог. Гэгээрэлд хүрэх нь бие мах­бо­дийн хүлээсэнд буй энгийн хүнд төсөөлөгдөхгүй гэж үз­дэг бөгөөд гэгээрсэн сэтгэ­лийг зүйрлэвэл бүртийх үүл­гүй цэлмэг тэнгэр шиг, туй­лаас амгалан тал шиг тийм хязгааргүй, тайван гэж но­монд өгүүлсэн байдаг. Чухам­даа гэгээрсэн, сэтгэл оюуны маш өндөр түвшинд хүрсэн хүн нь энгийн хүний төсөө­лөмгүй гайхамшгийг бүтээх чадвартай болдог аж. Үүнийг манай болон төвдийн олон лам, хутагтуудын тухай хүмүүсийн ам дамжсан яриа­наас бид олонтаа сонссон. Гэгээрсэн хүн сэтгэлээ бүрэн удирдах чадвартай болохоос гадна өөрийн үхлийг хэзээ ирэхийг мэдэх, өмнөх болон хойт дүр буюу хэдэн үеийн амьдралаа харах, сэтгэлдээ юу хүснэ тэр нь бодсон да­руй­даа биелэх зэрэг энгийн хүний хэмжээсээр таашгүй бурханлаг чадвартай болдог. Тэр байтугай хөгжлийн тодор­хой түвшинд хүрсэн нөхцөлд хийг удирдан зохицуулах чад­вартай болдог бөгөөд тийм хүний дээгүүр машин яваад өнгөрөхөд ч гэмтэж, үхэхгүй байж чаддаг аж. Эсвэл газ­раас хөндийрөх, өвчнийг эс мэдрэх гэх мэт. Мэдээж бясалгалын үр шим заримдаа маш ойрхон ирдэг бол зарим гайхамшгийг хүн олон жи­лээр дасгал хийж байж олж мэддэг. Тэгэхдээ энэ хүч чадлыг гагцхүү сайн үйлсэд зориулахын тулд ийнхүү лам нар сахил авч номын ёсонд суралцдаг билээ.

Миний бие Ричард Бахын "Жонатан Ливингстон нэртэй Цахлай" хэмээх шувууны тухай өгүүллэгийг бага байх­даа анх уншсан нь маш их сэтгэл хөдөлгөж билээ. Төгс төгөлдөр, эрх чөлөө, гэгээ­рэл, нигүүлсэл рүү тэмүүлэх, бурханлаг чанарт ойртох тухай цахлай шувууны жи­шээн дээр өгүүлсэн энэ бү­тээл нэгэн үе барууны ер­төнцөд маш их шуугиулж байжээ. Сэтгэлгээний эрх чөлөө, нислэгийн гайхамшигт чадварыг эзэмшсэн Жонатан цахлай хүний хамгийн эрхэм сайхан, ариун, чөлөөт бүхний бэлгэдэл болж чадсан юм. Ямар ч залуу хүний зайлшгүй унших ёстой энэ зохиол буд­дын ухааны гэгээрэл, төгс төгөлдөрт хүрэх хувь хүн бүрийн замналын уран илэр­хийлэл гэж боддог. Бурхны номонд бодь сэтгэл буюу хамаг амьтны тусыг бүтээгч сэтгэлийн түвшинд хүрсэн хүнийг бодьсадва хэмээдэг билээ.

Бясалгал нь юуны өмнө сэтгэлээ төвлөрүүлэх, юмс үзэгдлийн хоосон чанарыг ухаарах, сэтгэлээ ариусгах зэргээр тусгай арга бүхий бие сэтгэлийн цогц дасгал бөгөөд цаашилбал улам нарийн, бурханлаг мэдлэгийг олж авдаг. Хүн гэгээрэлд хүрэхэд нэг байтугай хэдэн насны амьдралд бясалгал хийж, зөв амьдрах шаардлагатай бө­гөөд өмнөх насандаа олж авсан мэдлэгээ хойт насанд дахин төрөхдөө хадгалж үр­гэлжлүүлж (ой санамжаа авч үлдэж) чадах нь бас нэг гай­хал­тай чадвар аж. Бясалгалыг тайван орчинд, бие сэтгэлийн тэнцвэрийг хадгалсан бай­далтай, цэгц суух, амьсгаагаа удаан авч гаргах зэргээр биеийн талаас анхаарах хэ­рэгтэй байдаг. Бясалгахдаа огт тодорхой зүйл дээр төвлө­рөхгүйгээр, бодол санааг чөлөөтэй, аль нэгт нь ав­талгүй хийх, эсвэл тодорхой объект, ямар нэг үнэр, дуу авиа, хэлбэр дүрс, цаашлаад сэтгэл хөдлөл, бодол санаан дээр тогтож тэдгээрийг мик­роскопоор харж байгаа мэ­тээр задлан шинжилж бясал­гах, өөрийн муу бодол санаа­наас ангижрах талаар басал­гал хийх зэрэг аргууд байна. Бясалгалыг хуралд оролцох­доо, автобусаар эсвэл маши­наар явахдаа гээд ямар ч үед хийж болох бөгөөд хамгийн чухал нь бясалгагч чөлөөтэй, өөртөө тохиромжтой тэр цаг үе, нөхцөлийг сонгох явдал юм. Ингэхдээ заавал удаан үргэлжлүүлэхдээ чухал бус харин олон дахин, давтамжтай байх нь чухал гэдэг.

Ямар ч бясалгалын хий­сэн түүний үр дүнд хүний сэтгэл нээлттэй болж, сэтгэл зөөлөрч, хүн өөрөө өөрийгөө таньж эхэлдэг. Хүн өөрийгөө танихын хэрээр бусад хүн, амьд амьтныг танин мэдэж, өөртэйгээ адилхан зовлонг үл хүсч, жаргал руу тэмүүлдэг амьд бүхний хүсэл нэгэн ижил болохыг ухаарч, бусдыг энэ­рэх сэтгэл төрж эхэлдэг нь гарцаагүй гэж бясалгалын мастер Мингүр ринбүүчи айлджээ. Энэрэнгүй сэтгэл үүсэх нь юуны өмнө өөртөө сайн сайхныг хүсэх сэтгэлээс үүддэг аж. Бясалгал хийхэд өөрийгөө хайрлах сэтгэлээс бусдад мөн өөрийн адил зөвхөн сайн сайхныг хүсэх сэтгэл үүсдэг. Нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх бясалгалын дараагийн шат бол ямар ч нөхцөл байдлаас үл хамааран хувиршгүй, үрийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвар­тай байдаг эхийн хайр шиг хайрыг бодож бясалгах явдал юм. Харин үүний дараа бодь сэтгэлийг үүсгэх бясалгал хийх бөгөөд энэ нь нэг талаас хамаг амьтны тусын тулд гэсэн тэр эрмэлзлэлийг өөр­төө бий болгох, нөгөө талаас би хамаг хамаг амьтанд хэрхэн тус хүргэх вэ гэсэн бодолд сэтгэлээ төвлөрүүлэх юм. Ливингстон цахлайн ту­хай домог миний хувьд ингэж үргэлжилсэн билээ...

Аз жаргалыг сонгох нь
Мингүр ринбүүчи орчин үеийн мэдлэгтэй хүнд тохир­сон арга хэлбэрээр буюу буддын ухааныг шинжлэх ухааны ололтуудтай холбон тайлбарласан нь бурхны сургаал ёсыг дагадаг мон­голчуудад зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Аливаа үйлдэл, амьдралын замнал философигүйгээр утга учир­гүй бөгөөд сэтгэл оюунтай хүн болж төрсний хэрэг ямар ч хүний хувьд гарах учиртай. Азаар бид эртний соёл түүх­тэй, орчин үеийн шинжлэх ухаантай туйлаас нийлэмж­тэй гүн ухаан, сургаал номтой улс юм.

Буддын гүн ухаан, үнэнийг танин мэдэхүй, зовлонгийн шалтгаан хийгээд түүнээс ангижрах арга зам, эцэст нь хэрхэн амгалан, жаргалтай амьдрах тухай бурхны ном нь өнөөгийн физик, тархи болон сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны суурь хуулиудтай нийцэж, олон талаар нотлогд­соор байна. Хамгийн сүүлд гэхэд хүний аз жаргалын үзүүлэлт болох гамма дол­гион лам нарын тархинд маш өндөр түвшинд хүрдэг бас тэр нь удаан хадгалагддаг боло­хыг Америкийн тархи судлаа­чид баталжээ. Хүн аз жаргал­тай амьдрахын тулд юуны өмнө өөртэйгээ ажиллах чу­хал бөгөөд зовлонгийн шалт­гааныг бясалгах тусам хүн өөрөөсөө эхлэн амгалан, жаргалтай, нээлттэй болж, амьдралаа шинэчлэн өөрч­лөх боломж нээгдэнэ. Хүн амьдралаа богинохон харж, утга учиргүй, хий дэмий өнгө­рүүлэх бус өөрийн хүнд заяа­сан сэтгэл оюун хэмээх гай­хам­шгийг ашиглан зөв зүй­тэй утга төгөлдөр амьдрах хэрэгтэй. Ийнхүү өөрийгөө эерэг ухаан, мэдлэг, сэтгэ­лээр тэтгэснээр аз жаргалтай, эрүүл саруул амьдарна. Ха­рин уур, тунхаг, айдас, омог дээрэнгүй нь хүнийг зовлонд унагаадаг төдийгүй янз бү­рийн өвчин тусдаг нь нэгэнт тогтоогджээ. Түр зуурын аз жаргал нь ирж буцдаг, хуви­рамтгай, энгийн хүний амьд­ралд өдөр тутам тохиодог зүйл бол урт удаан, байнгын жаргал нь зовлонгийн шалт­гааныг үндсээр нь арилгахаас эхэлдэг гэж Бурхан багш сургажээ.

"




No comments: