Saturday, April 6, 2013

ЭЭЖИЙН ТУХАЙ ХАВРЫН ТЭМДЭГЛЭЛ


Хавар ирчихсэн, ай яасан хонгорхон байна вэ. Нойрссон цагаан цас гэнэт дуу шуу орон, ар араасаа хөгжилдөн хөөцөлдөх хүүхдүүд мэт гудамжаар урсан хоржигнож, залуухан наран авхай хаврын ягаан мишээл тодруулан гялбана. Цэнхэрлэг огторгуй гэгээ татуулан алсрах нь үлэмжийн үзэсгэлэнтэй бөгөөд сэтгэлийн билэгдэл мэт аяандаа түүн лүгээ татагдана. Ирж яваа цагийн урь өгөөмөр хийгээд байгалийн энгүүн, өршөөлт тул амьтан бүр аясаар нь бүлээн болох л гэх. Ийм л цаг хугацааны зохист учигт ээжийнхээ тухай мэдрэмж, танин мэдэхүй, нэгдэл уусал, итгэл үнэн бүхнийг бодолдоо цуглуулан тунгааж, үлэмжийн ертөнцийн хур шимийг хүртэж, хаврын хөгөнд нэгэн тансаг эгшиг нэмэхийг хүснэм.
Ээж минь хамгийн түрүүнд миний бяцхан оюун санаанд үлгэр гэж эхлэлийг тавьж өгсөн мэт. Амралтын өдрүүд маш сайхан эхэлдэг байлаа. Тэр үед социалист бүтээн байгуулалт гээд долоо хоногийн ням гаригт л ганц бүтэн амардаг, бямбад гурван цаг хүртэл ажилладаг байв. Ээж минь өглөө босох гэж яаралгүй, ах бид хоёрыг өвөртөө оруулан нэг үлгэрээс нөгөө үлгэрийг залгуулан ярьж өгнө, ээжийг яаж тийм их үлгэр цээжээр мэддэггийг гайхах авч, ах бид хоёр дахиад нэгийг, дахиад нэгийг гээд ээжийгээ хоёр талаас нь шалж амраадаггүйсэн. “Гучин гурван модон хүний үлгэр” дундаас нэгэн ханхүүгийн тухай үлгэр их сэтгэл хөдөлгөж билээ. Тэрээр өөрийнхөө амийг хайрлалгүй ойд тааралдсан нэгэн өлсөж туйлдсан баранд өөрийгөө идүүлж, барыг бамбартай нь аварсан тухай сонсон биширч, тийм их баатарлаг үйлийг өөрөө хийх тухай хүүхдийн гэнэн мөрөөдлөөр жигүүрлэн явсан нас минь сэтгэл дундуур шаргалтана.
Ээж минь хүүхдийг ер нь их эрхлүүлэх дуртай, хүүхдэд үнэн сэтгэлээсээ их хайртай хүн. Биднийг хүүхэд баярлууллаа гэхээр их баясна. Хамаатны айл айлаас хүүхдийнх нь төрөл төрлийн зургуудыг түүвэрлээд, өдөржин тэр зурагнуудаа хайчлан янзалж, хүүхдүүдийн альбом болгочихсон сууж билээ.  Хүүхдийн заяа гомдчихно гэж их айдаг, хүүхдийн анхны тэр ариун, тунгалаг сэтгэлийг нь амьдралын хатуу ширүүн бүхнээс хамгаалж, ямар нэг хир буртаг халдаахыг хүсдэггүй тэр чанд эрмэлзэл нь бидний хүүхэд насыг аз жаргалтай, гэрэлтэй болгосон юм. Хүүхэд насыг минь ийм нандин байлгаж,  хайрлаж чадсан нь ээжийн минь нэг ялалт байжээ.
Би баяртай, гунигтай, хамгийн амин чухал зүйлээ ээждээ л хамгийн түрүүнд дуулган хэлж, түүнийхээ  санаа бодлыг сонсож байж сая санаа амарна. Яг л өөрийн биений нэгэн хэсэг мэт миний амьдралын бүхий л  хэмнэл ээжид минь зэрэгцэн цохилдогийг би мэднэ. Тиймээс ч хамаг цогцсоороо би ээждээ уусан, бас ээж минь надад ууссаныг би мэдэрдэг. Ээж минь хууч хөөрөх дуртай, залуу насны дурсамж, нутгийнхаа хутагт  хувилгаадын тухай ч юмуу, эсвэл өөрт нь их тус болсон, сургамжтай багш, сэхээтнүүдийн тухай яриа дэлгэнэ. Ээжид минь нүүдэлчин, язгуур монгол өвгөдийн минь сүнс шингээстэй санагддаг. Зөөлөн уяхан үснээс нь талын салхи үнэртэж, энхрий харцнаас нь тэртээ хөх уулсын  алсын бараа харагдана. Хүүхэд нас нь чанга бас зөөлөн, зангарагтай хөгшин ээжийнх нь гар дээр хөдөө өнгөрч, бас аавынхаа хуучны ном судар уншин хүнгэнэх дуун дунд хүн болсон гэдэг.
Миний өвөө сүрлэг том биетэй, дээл их сайхан зохидог, омог бардам, ямарч нэгдлийн дарга даамлаас айдаггүй, эргэх хорвоог ухаандаа багтаасан, ноён нуруутай, жинхэнэ монгол эр хүн байж билээ. Хэлмэгдүүлэлтийн цөвүүн цагт өөрийн багш, мундаг эрдэмтэй ламыг ууланд арван есөн жил оргуулж, хоол ундыг нь тасралтгүй зөөж, амийг нь аварсан гэдэг. Балчир биднийг зүлэг, цэцэг навч тасдахыг хатуу хориглодог, ундны усны дэргэд тоглосон бол заавал нэг алганы амт үзүүлж хашраана. Сүүлд аавыг минь хойно академид сурах үед нь Зөвлөлт улсад анх хөл тавьж, Москвагийн улаан талбай дээр монгол дээлтэйгээ толгой дээгүүр алхаж байсан нь одоо гэрэл зураг болон үлдэж, өвөөгийн минь урваж шарвадаггүй, нүүдэлчин эрх чөлөөт, үндэсний бахархалт зан чанарууд нь өнөө үед их л үгүйлэгдэх юм. 
Ээж минь нутгаасаа гарахдаа заавал нэгэн өндөр дөрөлжин дээр машиныг зогсоолгож, нутгийнхаа сүсэглэдэг Хайрхан уулынхаа барааг харж, даатгаж цааш хөдөлнө. Айраг шаагисан, адуу малын зоо тэнийсэн, дэлгэр, баян хангай нутгийн охин гэдгээрээ, дагах ёс, дээдлэх өвгөдийн уламжлалтай гэдгээрээ ээж минь бахархдаг аа. Мал төллөх үеэр нялх хурга, ишгийг өхөөрдөж, цас зуднаар мал амьтныг, малчинтай нь өрөвдөн хайлна. Нутгийнхаа булаг шанд, уул толгодтой холбоотой түүх, домгийг бидэнд хөдөө хамт явахдаа ярьж өгнө. Бага байхад тэр бүх яриаг хүн төдийлөн ойшоож, үнэ цэнийг нь мэдэрдэггүй байж. Харин цаг хугацаа өнгөрөх тусам нутгийн цэнхэр нууранд тогтсон сэвсгэр цагаан үүлтэй тэнгэр нь сувдан эрхи болон оюун санаанд минь бадамлан оршиж, амьсгалах бүрийд ертөнцөд өгөх миний юм бүхний тэтгэх охь ундрага нь болдгийг ойлгоно.
1998 оны намар. Би анх удаа гадаад улс руу олон жилээр ном сурахаар явах боллоо. Миний явах бэлтгэлийг базааж, ээж минь хэдэн өдөр завгүй. Очоод гэрээ санахаараа идээрэй гээд Архангай нутгийн цагаан, чихэртэй ааруул боож, өрөм хайлж өглөө. Яг явах өглөө болоход ээж минь нэг л сонин болчихсон, жаахан сандарч тэвдээд, нүдэнд нь нулимс цийлгэнэн бөмбөрөв... Охиныхоо баруун хацрыг үнсэж, нөгөөг нь ирэхээр нь үнсэнээ гээд хоолойгоо засан, итгэлтэй дуугаар хэлнэ. Онгоцны буудал дээр сүүгээ өргөн удаан зогсон хоцрохдоо намрын өглөөний жихүүн салхинд даарсан л байх даа, ээжий минь.Тэр цагаас хойш эх орон минь ээжийнх шиг нулимстай, ээжийнх шиг баяр баясалтай, амьтай санагддаг болсон.
Би ээжийнхээ залуухан, сайхан инээмсэглэсэн эмэгтэй байсан тэр үеийг нь юу юунаас илүүтэй хайрладаг. Ээж минь аз жаргалтай байсан болохоор тэр байх гэж бодогдоно. Тэрхүү зурвасхан ч гэлээ залуу насны жаргалтай үе нь наран мэт  хэзээд миний сэтгэлд гал халуунаар мандаж байдаг. Аав минь намайг амралтын өдрөөр гадаа авч гаран тэшүүрээр гулгахыг зааж сурган, гараас минь татан дагуулан гүйнэ. Ээж минь улаан хацартай, даарчихсан биднийг гэртээ ороод ирэхэд тогоо дүүрэн банштай цай чаначихсан баяр хөөр угтана.
Ээж минь аавын гадаадын томилолтоос авчирсан, тухайн үеийн хамгийн чамин хийцтэй румын, зүүн германы хувцас өмсдөг, хэн ч харсан сайхан бүсгүй гэгддэг байлаа. Тэгээд хамгийн түрүүнд ажлаасаа таран ирж, хоолоо хийх явцдаа аав бид хэдийн өдрийн тайлангуудыг нэгд нэгэнгүй сонсож, аливаа юманд дэмжиж, өмөөрч бас зоригжуулна. Үр хүүхдээ өсгөх, гэр орноо сайхан авч явах, хоол унд хийх, дээл хувцас оех, олон дүү нарынхаа ажил амьдралын зохицуулах гээд ээж минь дандаа л ямар нэгэн ажилтай, одоо санахад аливаа ажилд маш зүтгүүр зантай, нэг юмыг заавал чанартай, дуустал нь хийж санаа нь амарна.
Өнөөдөр хүүхдүүд нь том болцгоож, тус тусын амьдралыг хөөж, харин настай аав ээж хоёр минь гэрээ сахин бөөвийгөөд хоцорлоо. Энэ урт хугацаанд үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө бүхнийг золиослоход бэлэн тийм их тэнхээ, тэмцэл ээжид минь байжээ. Амьдралын зовлон, хатуу сорилтонд бууж өгөлгүй, цэх шулуун зогсож чадсан даа, ээж минь. Унах тоолонд босох ухааныг олж чаддаг, босох тусмаа дээдлэн дэвжихийн зоригийг огшоодог ээж минь миний мөнхийн дуулал. 
Хүний үр нь байх хүн болохын ухаарал өөрөө мөн аж. Аав ээж хоёрын маань залуу зандан, хамгийн сайхан, дуу хууртай, эрч хүчтэй нас нь миний дэргэд өнгөрч, бас тэдний минь өтөлж, өвдөж, хүний гарт орохын өндөр нас нь бас л минийх... Хуурамч, хувьсахын зовлонтой хорвоо гэж энэ л юм байж. Анх ээжийгээ хүндээр өвдөхөд хатуу хорвоод гомдож, ээжийгээ өрөвдөн хачин их өмөөрч билээ. Миний ухамсарт амьдралын бүх л мөч хором, үйл хэрэг “ээжтэй” гэх тодотголтой, ээжийгээ баярлуулахын төлөө байсан мэт санагдана, ээжгүй болох вий гэсэн хар дарсан айдас бүхнийг утга учиргүй болгож байлаа... Хүнд өвчнийг давж, бага багаар амьдралд эргэн ирж, хацар нь ягааран, хөлс нь чийхран, харц нь тавирахын цагт  ээж минь ямар их үнэ цэнэтэйг, зүгээр л хажууд минь харагдаад байх нь хүртэл хичнээн их аз гэдгийг ойлгоно.
Гэхдээ зовлон гэдэг ухаантай хүний хамгийн нандин, агуу чанаруудыг ирлэн гаргадаг, оюун санаа, сэтгэлийн бяр тэнхээнд хүч оруулдаг гайхалтай увидастай аж. Ээж минь миний урьд үзэж байгаагүйгээр их бурханлиг, гайхамшигт болж, амьдралынхаа үлдсэн цаг хугацааг хий хоосон бус харин буянд зориулахаар сэтгэл шулуудаж, зөв үхэхийг зорилго болгосон. “Ээжийнх нь өвчин надад бас үр хүүхдүүдэд минь зовлон гэж юу байдгийг ухааруулсан, ээжид нь буян хийхэд ташуур болж байна даа” гэж ээж хэлнэ. Тэрээр бурханы амгаланг олох итгэл, ухаарал, зориг бат бэх байж, өвчнийг байтугай учраа олохгүй будилан, зүдэрч яваа бүх хүнийг ялан дийлсэн мэт, түүнээс минь  нүргэлсэн их эрч хүч цацрах шиг болдог. Ингэж оюун санааны амьдралыг насны эцэст өөртөө сонгож, ерөөс хүний хувьд амьдралаа шинэ түвшинд гаргасан гэж би боддог.
Залуухан, золбоотой ээжээс минь хэдий жижигхэн, хэврэгхэн бие үлдсэн ч  гэлээ ээж минь өглөө орой бүр хэдэн цагаар мөргөл үйлдэн, Гандан хийд зэрэг хурал номын газраар явж, шашны ном судар үзэж (бүр сургуулийг нь дүүргэсэн), орой нь зул хүжээ бариад маань мэгзэм уншина. Ээж минь Гандангийн сониныг эрхлэн гаргах ажилд орж, буяны ажилд зав чөлөөгүй шамдана. Бүр компьютер, интернет зэрэг орчин цагийн техник технологид суралцаж настай хүн гэхэд итгэмээргүй “миний флаш хаана харагдав” гэчихсэн хурдалж байна. Өөрийнхөө амьдралаа шинэчилж чаддаг, хийе гэснээ хийдэг, бие өтлөвч оюун санаагаа урьдынхаас илүү хурц, гэгээлэг, эрх чөлөөтэй байлгадаг нь биширмээр. 
Ээж минь баярлах нь өхөөрдөм бас амархан. Баавгайтай чихэр, сайхан ном харахаараа эсвэл лам нарт цай унд өгөөд баярлана. Бурханы ном уншаад,  хэмжээлшгүй энэрэнгүй сэтгэлийн тухай сонсоод “сайхан юм, яасан сайхан юм” гээд нулимс унагаж суудаг тийм уяхан. Сайн муу юмыг зөнгөөрөө их мэдэрдэг, ээж нь урьд шөнө тэгж ингэж зүүдлээд, удахгүй ах нь Германаас ирэх байхаа гээд бидэнд хэлнэ. Бидний төлөө залбиран бүх сайхан бодол ерөөлийг шингээн бурхандаа чин сэтгэлээсээ сүслэж, аврал эрэн, үр хүүхдүүдээ “бурхан минь өршөө” гээд даатган зогсох ээжийгээ харахаар энэ ертөнцийн хамгийн төгс бүтээл мэт, үүнээс өөр үнэн байхгүй мэт, өөрөө бурханы мөн чанартай болчихсон байдаг. 
Миний ээж маш энгийн хүн, энгийн нэгэн амьдралтай, гудамжаар алхах мянга мянган эхчүүдийн нэг. Гэхдээ энгийн амьдралд хамгийн гайхамшигт, бишрэм ялалт байдаг аж. Энэ бол өөрийгөө, амьдралыг танин мэдсэн бас түүнийгээ үр хүүхэддээ хуваалцсан энгүүн их, бурханлиг ялалт. Ээжийнхээ сайхныг би таньж мэдэж дуусаагүй байна. Магадгүй хэзээ ч дуусахгүй. Эх хүн үүрд үрийнхээ сэтгэлд оршиж, хамт байдаг болохоор хэзээ нэгэн цагт, олон жилийн дараа надаас миний ээжийн зан чанарууд гарч, би ээжийгээ шинээр олж, ухаарах ч юм билүү. Ээжийн хайр, өршөөл энэрэл нь хязгааргүй учраас амьдралын уртад олон удаа би түүний учир аврагдах л байх.  
Үнэнийг зохиох шаардлагагүй, үнэн үнэнээрээ байж байдаг, хүмүүс түүнийг зөвхөн танин мэддэг гэж үг бий. Ээж шиг минь миний баярыг өөрийн юм шиг хуваалцах, ээж шиг минь миний зовлонг өөрийн юм шиг үүрэх хүн хэнсэн билээ.  Эмэгтэй хүний уярам, зөөлөн дуунд аргадуулан хаварших замбативийн цагаан бороо өрийг минь дэвтээх шиг. Би ээжийнхээ тухай хамгийн халуунаар өгүүлж чадах шиг хүн бүр ээжийнхээ тухай хамгийн дотныг ярьж, хаврын өглөгөөр салхийг уяраах л байх.
Миний сайхан ээж шиг Монголын бүх сайхан ээжүүдийн өлмий бат оршиг ээ. Ээжийгээ хайрлах сайхаан. Ээжийдээ зориулах хаврын тухай тэмдэглэлээ ийнхүү өндөрлөе.

No comments: