Tuesday, May 14, 2013

Хууль зүйн туслалцаа “хэний туслах” вэ



Улсын Их Хурлаар хууль зүйн салбарын хэд хэдэн хууль хэлэлцүүлэхээр Засгийн газраас оруулсны нэг нь Төлбөрийн чадварүй cэжигтэн, яллагдагчид хууль зүйн туслалцааг үзүүлэх тухай хуулийн төсөл байна.
Хэдэн жилийн өмнө Монгол улсад эдийн засагч Эрнандо де Сото ирж сүүдрийн эдийн засаг, сүүдэрт амьдарч буй ядуу, бүртгэлгүй хүнийг нийгмийн харилцаанд өв тэгш оролцуулах (empowerment of the poor) тухай ярьж билээ. Энэ бодлого НҮБ-ын түвшинд ч ихээхэн хүчээ авч,  олон улсын хэмжээнд ядууралтай тэмцэх, нийгмийн олон харилцаанд гадуурхагдан, эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байгаа, “сүүдэрт” амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах шинэ хандлага болж чадсан юм. Ядууралтай тэмцэх эдийн засгийн аргаас гадна эрхийг нь эдлүүлэх, бүртгэлжүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд тэгш оролцуулах цогц арга зам нь хууль зүйн арга хэмжээ гэж үзэж болно. Тухайлбал, хэдий орлогогүй ч гэлээ иргэн өөрөө иргэний бүртгэлд хамрагдсан, байгаа ганц хашаа байшин нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй байвал иргэнийхээ хувьд хөдөлмөр эрхлэх, хашаагаа, газраа барьцаалан зээл авч аж ахуйгаа дээшлүүлэх суурь эрх нь хангагдаж байгаа юм. Монгол улсад сүүлийн жилүүдэд Хүний хөгжлийн сангийн халамжийн хүрээнд иргэдийг бүртгэлжүүлэх ажиллагаа эрчимтэй явагдсан, цаашид ч иргэний, хөрөнгийн бүртгэлийн ажил улам боловсронгуй болох биз. Үүнтэй зэрэгцээд ядуу хүнийг нийгэм, эдийн засгийн харилцаанд тэгш оролцуулахад түүнийг чадавхижуулах өргөн хүрээтэй, цогц бодлого төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.  Энэхүү цогц бодлогын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь мөнгөгүй, ядуу хүний хууль зүйн чадавхийг сайжруулах талаарх төрийн үүрэг юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Орчин цагт нийгмийн амьдралд оролцож байгаа хүн бүр өдөр тутамдаа замын хөдөлгөөнд оролцох, ажил хөдөлмөр эрхлэх, байр сууц хөлслөх, худалдаж авах, гэр бүлээ тэжээн тэтгэх, тэтгэвэр тэтгэмж авах гэх мэтээр олон төрлийн харилцаанд орж байдаг. Энэ бүх харилцаанд иргэний эрх хөндөгдөх боломжтой боловч иргэн бүр эрхээ хамгаалахдаа харилцан адилгүй байдаг.
Баян хүнийг балаг тойрохгүй ч гэлээ тэр хүн өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх боломж нөхцөл нь бүрдсэн байдаг. Мэдээлэл, мэдлэгт ойрхон, орлого сайтай хүн өөрөө биш гэхнээ мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, шаардлагатай бол тэдгээрийн өндөр үнэ хөлсийг нь төлөөд бүх шатны шүүхээр явж эрхээ хамгаалуулсан ч чадна. Харин ядуу, орлогогүй хүн яах вэ? Гэмт хэрэгт холбогдон шалгуулах дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цаг дор хэн түүнд хуулийн зөвлөгөө өгч, хэн түүнийг хамгаалан шүүх дээр үг хэлэх вэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, орлогогүй ядуу эмэгтэй шүүхээр гэр бүлээ цуцлуулах гэвэл өөртөө, үр хүүхэддээ хэрхэн өмч хөрөнгө, тэтгэмжийг шударгаар шийдвэрлүүлэхээр шүүхэд эрхээ хамгаалж, хуулийн мэргэшсэн хүнээс зөвлөгөө авах вэ? Хотын захиргаа ганц байгаа хашаа байшингийн газрыг нь орон сууцжуулах нэрээр хураах бол хаашаа хандаж, зөвлөгөө авч, захиргааны хэргийн шүүхэд хандаж эрхээ хэрхэн хамгаалуулах вэ. Өндөр настны тэтгэвэр тэтгэмжийг буруу зөрүү тогтоож, халамжийн газраас бага хэмжээний тэтгэвэр олгож байвал насаараа жолооч хийсэн хүн нийгмийн даатгал, халамжийн талаар мэргэшсэн хуульчаас зөвлөгөө авах, шүүхэд хандах хэрэг гарвал өмгөөлөгчийн өндөр төлбөрийг хэрхэх билээ? Ядуугийн зовлонтойн дээр дээрх байдлаар эрх нь зөрчигдөхөд хамгаалж чадахгүй, хамгаалах механизмыг төрөөс бүрдүүлж өгөөгүй байвал хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан улс орон байх боломжгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах, шүүхэд төлөөлүүлэх талаар зохицуулалтыг тэртээ 90-ээд онуудад хийж өгсөн нь хүний эрхийг дээдэлсэн чухал алхам болсон. Мэргэжлийн хуульчаар төлөөлүүлэх эрх нь хэн ч хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, шүүхээр хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх хүний эрхтэй нягт холбоотой эрх юм. Өнөөдөр эрүүгийн ямар ч хэрэгт сэжиглэгдэн, шүүгдэн буй Монгол улсын иргэнийг, тэр дундаа төлбөрийн чадваргүй гэж үзвэл төрөөс өмгөөлөгчөөр хангаж байна. Гэмт хэрэгт өртөж байгаа дийлэнх хувийг ядуу, орлогогүй залуучууд эзэлж байгаа манай нөхцөлд эдгээр залуучуудад төрийн энэ үйлчилгээ асар чухал туслалцаа болж байгаа нь гарцаагүй. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх энэхүү тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, улсын хэмжээнд богино хугацаанд нэвтрүүлэхэд олон улсын байгууллага, төр засаг, хуульчид онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ тогтолцооны хөрс тавигдсан учир өнөөдөр бие даасан хуулийн зохицуулалтын хэмжээнд асуудал УИХ-аар орж ирж байна. Харин хуулийн нэр, хамрах хүрээнээс эхлээд бодолцох зүйл байна.
Хуулийн төсөлд зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон яллагдагчид төрөөс хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөгчөөр хангахаар байгаа нь их хязгаарлагдмал, хуулийн үйлчлэлийг явцуу болгож байна. Эрүүгийн хэрэгт холбогдоод байдаг ядуу иргэний тоо нь хэд билээ. Үнэндээ дийлэнх нь ажил амьдралаа залгуулах гээд зүтгэж байгаа хэдэн мянган энгийн ард иргэд байна. Энэ хүмүүст нийгмийн, эдийн засгийн эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө бүр цаашилбал мэргэжлийн хуульчаар төлөөлүүлэх шаардлага байнга гардаг. Өнөөдөр ядуу, орлогогүй иргэн хүн амын гуравны нэгийг эзэлж, ядуурлын хувь хэмжээ урт хугацаанд буурахгүй, эдгээр хүмүүс үндсэн эрхээ эдлэх боломж нийгмийн бүхий л харилцаанд хомсхон байна. Бид хэдийгээр хуулиндаа хүн ийм тийм эрхтэй гэж тогтоох дуртай боловч амьдрал дээр хөрөнгө мөнгөний дутагдал, төрийн хүнд суртал, авилга зэрэг олон хүчин зүйлээс болж тэр бүр эрхийг нь хангаж чаддаггүй, иргэд хохирсоор л байдаг. Тэр бүр монгол хүн хэрэг зарга хийгээд яваад байдаггүй, мэдлэг чадвар, цаг зав, хуулийн байгууллагад итгэх итгэл зэрэг олон шалтгаанаас хууль хяналтын байгууллагад хандаад, өргөдөл гомдол мэдүүлээд байдаггүй. Хэрвээ иргэдийн далд, сүүдэрт буй бүх гомдлыг ил гаргаж ирвэл нилээн бухимдал дунд амьдарч буй ард түмэн болох нь мэдэгдэх байх. Ядуу, орлогогүй хүний амин зуулгатай холбоотой байр сууц, газар, өр зээл, тэтгэвэр тэтгэмж, гэр бүлийн дотоод асуудал, салалт, асран хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ядуугийн учир ялгаварлан гадуурхагдаж байгаа зэрэг олон асуудал тулгардаг нь нууц биш. Эдгээр асуудал тулгархад хуулийн зөвлөгөө авах, өргөдөл гомдол гаргах, бүр шаардлагатай бол өмгөөлөгч хөлсөлж шүүхдэх зэрэг хэрэгцээ гарна. Тиймээс хуулийн хамрах хүрээг өргөсгөж төрөөс хууль зүйн туслалцааг зөвхөн эрүүгийн гэхгүй иргэний, захиргааны хэрэгт авах боломжтой болгох нь зүйтэй санагдана. Хууль зүйн туслалцаа буюу хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ нь шууд мөнгө тараах халамжийн бодлогоос өөр, ядуу хүнийг эрхийнх нь хувьд чадавхижуулж байгаа, ингэснээрээ нийгэм, эдийн засгийн харилцаанд бусадтайгаа тэгш эрхтэй оролцох нөхцлийг бүрдүүлж байгаа ардчилсан төрийн ухаалаг зохицуулалт юм.
Нөгөөтэйгүүр хууль зүйн туслалцааны тогтолцоог сайтар бэхжүүлэх, төрийн байгууллагаас хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл, баталгааг сайтар хангах, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад гарч буй онцлог, төрийн бус байгууллага, про боно үйлчилгээ зэргийг харгалзан хууль зүйн туслалцааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгөх нь хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал юм. 

No comments: