Friday, December 15, 2006

Хоёр амьдрал

Өгүүллэг

Берлин хотод үдшээр жиндүү хүйтэн салхи шуурч, цас хаялж байлаа. Урт хар хүрэм өмссөн дөч орчим насны туранхайвтар эр өөртөө итгэлтэй намбалаг алхаагаар хуучин социализмын үеийн блокон байшин бүхий гудамжаар алхална. Тэрээр хүйтнийг ер ажирсан шинжгүй, энд тэндхийг сонирхон харах төдийгүй аажим аажмаар цагаанаар бүрэн хучигдах гудамж түүнд их л таатай санагдаж байлаа. Огт өөр орны өөр өөр хүмүүс амьдран суудаг энэ гудамж төрөлх Улаанбаатар хотын гудамжтай юугаараа ч юм төстэй санагдаж, өмнө нь хэзээ нэгэн цагт хаа нэгтээ мэдэрсэн мэдрэмж тэр л танил байдлаараа энд Берлинд сэтгэлд нь эргэн буусанд тэрээр тайлбарлаж мэдэхгүй гайхана.
Бямбаад Берлинийг дайран өнгөрөх тохиолдол олон байсан ч тухлан саатах боломж ер гарч байгаагүй аж. Уг нь Берлин хот түүний хувьд ямагт сэтгэлийн нэгэн дуудлага мэт тэмүүлдэг байлаа.
Бямбаа зочид буудалдаа буцаж ирээд унтахаар хэвтсэн боловч нойр нь хүрэхгүй баахан хөрвөв. Одоогоос арван таван жилийн өмнө эхэлсэн түүх маргааш энэ хотод үргэлжлэх юм шиг бодогдон элдвийн юм толгойд нь эргэлдэнэ. Буудлын жижгэвтэр өрөөнд аниргүй, хааяхан гадаа трамвай өнгөрөх чимээ сонсогдож түүнд энэ шөнө их урт юм шиг хирнээ тааламжтай сайхан байлаа.
Энгийн ногоон давуун хүрэм жинсэн өмднөөс салдаггүй хорин хэдхэн настай, оюутан байснаа эргэн саналаа. Германы Хамбург хотын их сургуульд эдийн засгийн чиглэлээр сурч дөрвөн жилийг үдэхдээ хотын нэгэн галлерейд Монгол зураач бүсгүйн үзэсгэлэн үзсэнээс хойш амьдрал нь бодож байснаас огт өөрөөр эргэсэн юм шиг түүнд үргэлж бодогдоно. Хэрвээ зуны аагим халуун тэр өдөр найз Хуягаа нь түүнийг галлерейд дагуулж очоогүйсэн бол гэж эргэцүүлнэ. Түүний амьдрал үргэлжийн энэ “хэрвээ” гэдэг угтвартай өрнөж ирсэнд залуу гайхдаг ч хариу өгч эс чадна.
Уран бүтээлч бүсгүйн зургууд чухам ямар болоод залууг эзэмдсэнийг хэлэхэд хэцүү. Ямарч байсан үзэсгэлэнгээс тараад гадагш гарахад тэс өөр ертөнцөд очоод ирсэн мэт, Хамбургийн хэдийн танил болсон улаан тоосгон байшингуудаа үл таньж билээ. Зургууд тодорхой өнгө дүрс илэрхийлсэн зураг гэхээсээ илүү эмэгтэй хүний ямар ч нууцгүй илэн далангүй сэтгэл юм шиг, тэр нь хэнтэй ч биш гагцхүү өөртэй нь ийн ярих шиг сэтгэл төржээ. Урьд өмнө нь ямар ч эмэгтэйтэй ийм ойр, ийм нээлттэй байгаагүй залуу зургаар дамжуулан тэдгээрийн бүтээгчтэй нь сэтгэлээ тайтгарч онгойтол ярилцсан нь энэ. Зураач эмэгтэйг заавал олж уулзана гэж Бямбаа дотроо шийдсэн аж. Тэр эмэгтэйн хаягийг олж аваад захиа бичихдээ юунаас эхлэхээ мэдэхгүй, юу бичих гэж байгаагаа ч сайн ойлгохгүй баахан цаас үрсэн ч түүнд бичье гэсэн өөрөөс нь давсан дүүрэн зориг байсныг одоо тод санана. Залуу насны итгэл зориг магад хожим хойно санахад хэдий гэнэн ч тэр тусмаа аргагүй сайхан, нас ахих тусам тийм зориг итгэл хүсээд хүсээд төрдөггүй нь харамсалтай юм даа гэж Бямбаа бодлоо. Тэрээр өөрийн залуу насаа Хамбургийн тод халуун наранд шарагдах гудамжтай зүйрлэн бодно.
Зураач бүсгүйг Саруул гэдэг байлаа. Бүсгүй ямар нэг оньсогоны тайлал шиг бодогдож, залуу оньсогыг тайлах хүсэлдээ хөтлөгдөн бүсгүйг бүрэн мэдэхийг хүсч байлаа. Захианы хариу иртэл залуу түүнийг янз бүрээр төсөөлж үзлээ. Зурсан зургаар нь дамжуулж мэдэрч төсөөлж байв. Бүсгүйн зургууд ямагт гүн яруу, эмэгтэйллэг, сэдэв нь бодролын шинжтэй, сонирхолтой, өдөгч хирнээ маш зөөлөн, бардам хирнээ өөртөө итгэлтэй байх тэр чанарын хязгаараас үл халина. Хязгааргүй харанхуй огторгуйн дунд ганц улаан өнгийн сар ба цааш харан суусан нүцгэн цагаан биетэй эмэгтэйг дүрсэлсэн гуравхан өнгөтэй тэр зураг Бямбаад одоо ч нүдэнд үзэгдэнэ.
Санаанд оромгүй, дэндүү чөлөөтэй санаа бодол бүхий түүнтэй захиагаар харилцан нэг жил боллоо. Саруул заримдаа захианы оронд бичгийн цаасан дээр балын харандаагаар зурсан зураг явуулна. Түүндээ захианд байх бүх юм байгаа гэдэгсэн. Бас дотроо хоосон монгол дугтуй явуулаад түүнийгээ монгол салхи явууллаа гэнэ. Энэ хугацаанд Бямбаа Саруулыг хөдөө төрж өссөн, Улаанбаатрын Дүрслэх Урлагийн дээд сургуулийг төгссөн жинхэнэ монгол “бүтээгдэхүүн”, жинхэнэ монгол сэрэл мэдрэмж бүхий уран бүтээлч болохыг мэдсэн юм.
Саруулын хувьд Герман улс олон улсын тавцанд хөлөө тавих анхны сорил байжээ. Хамбург, Мюнхэнд гаргасан үзэсгэлэн нь ихэд амжилттай болж, гадаадын захиалга тасрахаа больсон гэж бүсгүй захиандаа бичнэ. “Хэн нэгний захиалгаар бүтээх нь уран бүтээлчийн хувьд сайн сургууль болдог. Харин өөрийн хүсэл мөрөөдлөөр, өөрийн онгодоор шинийг нээж, мэдрэмжийн туйлыг тэмтэрч, шаналан байж, цаг хугацааг өнгөрөхийг эс мэдэн сууж бүтээх нь миний амьдралын утга учир, жинхэнэ жаргал юм” гэж бүсгүйн бичсэнийг уншаад залуу хэзээ ч бүсгүйг бусад эмэгтэйчүүд шиг өөрийн болгож, эзэмдэж чадахгүйгээ тод мэдэрсэн хирнээ түүнд улам улам л татагдан байлаа. Саруулд айлын эхнэр гэсэн нэр огт таарахгүй юм шиг санагддаг байж билээ. Хэдийгээр залуу бүсгүйг нэг ч хараагүй, төсөөлж сайн чадахгүй байсан ч аажимдаа зураач бүсгүй түүний хувьд ертөнцийн нэг хэсэг болж эмэгтэй гэсэн бүхнийг төлөөлж, түүний “тэр минь” болсон аж.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, Бямбаа сургуулиа төгсөх дөхлөө. Тэр үед интернет сүлжээний хөгжил эрчээ авч, энгийн бичмэл захиагаар харьцах нь багасав. Тэгэхэд Бямбаа сургуулийн төгсгөлтийн баяраас илүү нэгэн баярыг тэр хавар тэсч ядан хүлээж байсан нь Саруул Берлинд ирэхээр төлөвлөсөн байсан явдал юм. Зураач эмэгтэй ээлжит үзэсгэлэнд оролцохоор Франц руу явах замдаа Берлинд хоёр хоногоор саатахаар хоёр залуу тохирчээ. Бүх юм энэ л уулзалтыг хүлээж, өдөр тутмын амьдралын хэдэн зуун тохиолоос энэ л уулзалт юу юунаас сонирхолтой, утга учиртай мэт санагдана. Дэлгүүрээр төдийлөн хэсэх дургүй Бямбаа хотын төвийн том том дэлгүүрээр явж өөртөө Ливайс-ын бор шарга хилэн өмд, хоёр гурван ч моодны цамц авлаа. Берлиний театрт үзвэр үзэхээр хоёр хүний билет ч бэлтгэв. Тэр хүлээж байлаа.
Бямбаа дурсамжийнхаа энэ хэсэгт ирээд өөрийн эрхгүй босов. Харанхуй өрөөндөө тэмтчин цонхон дээр очин гадагш харан зогслоо. Цонхны цаадах модны нүцгэн мөчрүүд хөдөлгөөнгүй, бас л нэг юм хүлээх мэт. Яг энэ мөчид Бямбаад тэртээ арван таван жилийн өмнөх мэдрэмж яг тэр янзаараа өөрийг нь эзэмдэж, тэрээр гэнэт өөрийн нас, орон зайн мэдрэмжээс салж, өөр нэг, өөрт нь хачин танил мэдрэмжийн нэгэн ахуйд шилжин оров. Тэрээр юунд ч юм баярлан, энэ мөчийг мөнх байгаасай гэж хором төдий хүслээ.
Гэсэн ч түүнд юу гэхээсээ яагаад гэдэг эргэлзээ төрөн анхны бодлууд дараагийн бодолдоо түрэгдэн одох шиг болно. “Бүхэн давтагддаг гэж үү, аль эсвэл тэр цагт өсч бойжиж амжилгүй зогссон санаа, сэтгэл дахин сэргэхээр боломж хайн, Фрейдийн зүүд шиг үргэлжилж байдаг хэрэг үү” гэж Бямбаа гайхана. Тэрээр юу мэдэрч байгаадаа төвлөрөхөөсөө илүү яагаад мэдэрч байгаа гэсэн асуултад логик хариу өгөх гэж оролдон бодсоноос болсон уу дөнгөж биеийг нь эзэмдэж байсан мэдрэмж хаашаа ч юм алга болов. Энэ мэдрэмж их эмзэг, амархан үргэчих юм шиг алдахаас айн санагдтал хэдийн хийсээд одож, Бямбаа урамгүйгэн орондоо буцаж хэвтлээ.
Тэрээр өөрийн хөгширч яваа, дөч гарсан хүний хүнд бие, Берлиний агаарыг тод мэдрэв. “Ор мөргүй алга болчихож” гэж хачин харамсан өөртөө хэлэв.
Саруул Бямбаа хоёр уулзаж чадаагүй юм. Тэр хавар гэнэт Бямбаагийн ээжнйн бие муудаад яаралтай Улаанбаатар руу нисэх боллоо. Саруул зөрөөд Европ руу ниссэнээр тэр хоёрын уулзах ёстой байсан Берлин хот тав дугаар сарын 5-ны өдөр болзооны тухай, болзсон залуучуудын тухай огт мэдээгүй юм шиг өөрийн их хотын хэмнэлээ давтаж байлаа.

******
Бямбаа өглөө Улаанбаатар руу утсаар залган, эхлээд гэрийхэнтэйгээ дараа нь ажлынхаа ганц хоёр хүнтэй ярьж нутгийн сонин сонслоо. Түүний эхнэр Нансаа бөөн дуу шуутай, хөгжилтэй эмэгтэй тул таван минут ярихад л гэрийнхэний тухай бүх мэдээллийг дамжуулж амжсан байлаа. Яаж ингэж чаддаг байнаа гэж Бямбаа эхнэрийнхээ хэдхэн хоромын дотор багтсан түргэн яриа, инээд, асуулт, дуу алдах өнгө аясыг нь эргэн санахдаа инээмсэглэн бодлоо. “Том хүү маань удахгүй анагаахын сургуулиа төгсөнө, миний муу өндөр шар банди. Хүү чинь ангийхантайгаа нийлж оройтоод би үглээд л гэж сая эхнэр нь ярилаа. Миний хүү ч сайн эмч болно доо, аав нь мэдэж байна гэж Бямбаа хүүхдүүдийнхээ тухай дуртай бодлоо бодон зочид буудлынхаа өглөөний цайнд оров. “Идэрээ, Халиунаа хоёр маань ч яаж зүггүйтэж байгаа бол доо... Нансаа минь сайхан гурван хүүхэд өсгөж өглөө. Чамдаа эндээс ямар бэлэгтэй очьё доо байз... Бямбаа ийнхүү ар гэрийнхээ тухай бодоод сэтгэлд нь их л таатай, жаргалтай байлаа. Тэднийгээ бодох тусам гэр рүүгээ яаран Берлин дэх ажлаа хурдан амжуулмаар болно. Буцах хүртэл хоёр хоног үлдсэн байх бөгөөд тэрээр хэдийд ганц хоёр дэлгүүр орох талаар төлөвлөнө.
Өдөржин хурал, уулзалт хийж, олон ч хүнтэй танилцаж Бямбаа сэтгэл хангалуун байлаа. Герман хүмүүстэй хэл амаа олоод сурчихсан түүнд энэ айлчлал амжилттай байх нь анхнаасаа мэдэгдэж байлаа. Берлинд ирж албан ёсны уулзалт хийхээс өмнө бэлтгэлийг нь сайн базааж, Хамбургийн хуучин ангийнханаараа дамжуулж таньдаг хүн амьтан сураглан, өөрийн тухай нилээд мэдээлэл хүргүүлэв. Тэгсээр нягт харилцаа тогтоож, хөрөнгө оруулалт хийхээр дэмжсэн түншээ олж чадав.
Өчигдөрхөн машин тоног төхөөрөмж нийлүүлэх талаар нийлүүлэгч компаний захирал Штэйнтэй тохиролцоод хоюулаа элдвийг ярилцан аяга кофе ууж суутал тантай ярих гэсэн юм гэж нэг эмэгтэй утсаар хэллээ. Бямбаа гэнэт цочирдов. Тэрээр Саруулыг шууд таньсандаа өөрөө ч гайхан, нуух гэж оролдсон ч Саруул,
- Танина гэж бодсонгүй шүү гэж хэлж билээ. Саруул Берлинд герман францын зураачидтай хамтран “Эхлээгүй, дуусаагүй түүх” нэртэй үзэсгэлэн гаргахаар хоёр сар ажиллаж байгаа аж. Түүний дуу маш тайван, сэтгэлийн ямар нэг хөдлөл үл илтгэлэсэн байдалтай байлаа. Тэр хоёр эг маг хийсээр яриа эвтэй нийлсэнгүй ч, уулзахаар тохироод утсаа тавив.

*****
Бямбаа цэцгийн дэлгүүр орж ямар цэцэг авахаа шийдэж чадахгүй хэсэг зогсов. Цэцгийн мухлагийн эзэн лаос авгай муухан герман хэлээр түүнд шар сарнай бүхий баглаа санал болгов. Бямбаа талархан татгалзаад улаан сарнайн баглаа аваад гарлаа.
Берлиний метрогоор зорчигчид урд урдаасаа харан суудагт Бямбаа нэг л дасч өгдөггүй байсан ч өнөөдөр огт анзаарсангүй. Тэрээр эхнэрээсээ өөр, нэг ч уулзаж байгаагүй танихгүй эмэгтэйд, төрөлх хотоосоо өөр хотод цэцэг бэлэглэхээр явж байлаа. Үүний хажуугаар бага охин Халиун нь гэртээ цэцэг тарих гээд ааваасаа хавар болохоор цэцэг нэхдэг нь, энэ жил авч өгөөгүй л яваа нь бас санаанд оров. “Би ингэхэд хаана байна вэ” гэж Бямбаа өөрийн эрхгүй дуу алдан бодно. Тэрээр Улаанбаатар, Берлин хоёр хотод нэгэн зэрэг хоёр хүн амьдарч байх шиг санагдана.
Саруул дунд зэргийн нуруутай, маш царайлаг эмэгтэй аж. Тэр тод өнгийн улаан хүрэн жинсэн хүрэм өмсч, урт цагаан ороолт унжуулан, өөртөө итгэлтэй, жавхаалаг эмэгтэй алхаагаар рестораны үүдэнд хүлээн суух Бямбаа дээр ирлээ. Бямбаад түүнийг хэдийнээс таньдаг юм шиг санагдсан ч танихгүй хүн гэдгийг бас ч зэрэг мэдрэв. Саруул инээмсэглэн ярьж, харц нь их сэргэлэн, хөдөлгөөнтэй, нэг юман дээр удаан тогтдоггүй, эрчтэй хирнээ бодлогоширсон, гүнзгий байв. Тэрээр гартаа нэг том боодолтой юм барьж ирснийгээ шууд задлан Бямбаад өглөө.
- Чамд зориулан зурчихаад өгч амжилгүй явсаар одоо л боломж гарч байна гэв.
Зургийн нэрийг “Эхлээгүй, дуусаагүй түүх” гэх бөгөөд тэр нь нэг харахад улбар шар, шар, улаан, тод хар, улаан цагаан өнгөний замбараагүй багц мэт, нэг харахад эмэгтэй хүний эрээн даашинз ч юм шиг, тэр дундаа хүний нүд харагдана.Эсвэл зуны цэцгэн тал ч юм шиг, гэрэл цацрагийн цуглуулга ч юм шиг, сонин зураг байлаа. Ямартай ч Бямбаад хэмжээлшгүй дулаан санагдав.
- Энэ чинь чиний үзэсгэлэнд орох гол зураг чинь юм биш үү гэж Бямбааг асуухад бүсгүй инээмсэглэн,
- Тиймээ, гэхдээ гол зураг нь учраас би үзэсгэлэнд тавихгүй байхаар шийдсэн. Гол зураг маань үзэгчдэд биш эзэндээ очиг гэж бодсон юм. Зурагийн нууц түүх эндээс эхэлдэг байхаа гээд Саруул учиртайхан мишээв.
- Тийм үү. Чи тэгээд намайг “Эхлээгүй дуусаагүй түүх” гэж нэрлэхээр шийдсэн юм уу?
- Мэдэхгүй ээ. Ер нь бид хоёрын учралыг ингэж нэрлэх нь илүү амархан санагдсан. Тэрнээс нэг үгээр тодорхойлоод нэрлэчихэж чадахгүй л юм байна лээ. Гэхдээ би чамтай хэзээ нэгэн цагт Берлинд уулзана гэж итгэж байсан нь ингээд биелэгддэг байж. Энэ зураг бол зүүдэнд харсан зүйл. Тайлбарлахад хэцүү ч сэтгэлд их ойр байдаг юм. Энд бүх юм байгаа, би бүхнийг багтаах гэж хичээсэн.
- Амьдрал гэж хичнээн гайхалтай. Чамтай ингээд хамт Берлинд сууж байна гэж төсөөлж ч чадахгүй явж байтал уулздаг байж шүү.
- Энэ олон жил би чамтай хамт амьдарсан юм шиг санагддаг. Үе үехэн Берлиний гудамжаар хамт алхаж, элдвийг ярьж, зурсан зургаа чамд үзүүлж, чи надад захиа бичээд л байх шиг мэдэрнэ. Тиймээ, мэдэрнэ. Эмэгтэй хүний ой ухаан тэр чигээрээ мэдрэмж юм. Би хэдэн оны хэдний өдөр гэдгийг хэзээ ч санахгүй хирнээ ямар үнэр, ямар өнгө, ямар сэтгэгдэл төрсөнийг дахин мэдрэх шиг тод санаж чаддаг. Хэрвээ намайг түүхийн ном бич гэвэл би лав нэг ч он сар өдөр тавилгүйгээр дан тэмдэг нэртэй ном бүтээх байсан байхаа.
Амьдрал дэндүү хязгааргүй, түүнийг тэрхүү туйлд нь мэдрэхэд мөнх гэж бодогдох юм. Би чамд хайртай ч хэзээ ч харамлаж, өөрийн болгох гээгүй. Чи бол надад тэр хязгааргүйн нэг хэсэг.
- Чи яг л миний цэл залуу насандаа дурласан зураач бүсгүй хэвээрээ. Магадгүй бид хоёр нэг гэрт хэзээ ч орохгүй байсан байх. Би гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй, дуртай ажилтай, амьдрал минь тогтсон жимээрээ явж л байна. Гэхдээ хааяахан чиний хэлдэг энэ хязгааргүйг мэдрэхээр чиний зургууд санагддаг. Тэгэхэд л чи миний дотор байна гэдгийг мэддэг. Би Берлинд нэг л нандин үрд мөнх юм үлдээчихсэн шиг болдог.
- Хүний бодь бие нь нэг л орон зай, нэг л цаг хугацаанд баригдан оршдог ч сэтгэл нь тэнүүлчин, түүнд хүрэхгүй газар, мэдрэхгүй цаг хугацаа гэж үгүй мэт санагдах юм.
- Зураач болохоор чи энэ бүхнийг их сайхан тайлбарлаж хэлж чадаж байна. Аргагүй ч байх даа. Би бол ердөө л жирийн нэг үзэгч. Харин чи бүтээгч шүү дээ.
- Зураач өөрийнхөөрөө ертөнцийг зурдаг. Заримдаа бүхэл бүтэн ертөнц тээж яваа юм шиг их хүнддэг. Заримдаа асар баян, хамгийн жаргалтайгаа мэддэг. Гэхдээ жаргалтай нь их шүү. Надад улаан сарнай бэлэглэсэнд чинь баярлалаа. Улаан өнгөнд дуртай шүү.

Бямбаа Саруул хоёр гэртээ ч юмуу, бусад хүмүүстэй тэр болгон яриад байдаггүй сэдвээр тэр оройжин ярьж, нэг “Бордо” дарсыг дуусгаж, хоёр өдрийг хамтдаа өнгөрүүлэв. Салах цаг ирэхэд хэн нь ч юм хэлж зүрхлэсэнгүй. Бямбаа эх нутгийн зүг нисэхээр Тегель онгоцны буудал руу яаран явах замдаа гартаа нэгэн дөрвөлжин юмыг их л нандигнан явлаа. Тэр нь Саруулын зурсан “Эхлээгүй, дуусаагүй түүх” зураг нь байлаа. Түүний Берлинд эхлэх ёстой байсан түүх хэдийн өөр хотод, Улаанбаатарт эхэлчихсэн санж.

Thursday, December 14, 2006

Хөгжимчин

Улаан нар хөгжим аялж
Улбар шар салхи хийсч
Цаггүй, тэгш хэмнэлгүй
Чиний ертөнцөд би ирчихсэн
Нүдний чинь хөдөлгөөнд
Ер бусын эрчим олном

Төгөлдөр хуурын өмнө суусан чи
Сонсоогүй түүхийг өгүүлж
Харц чинь мартамгүй нисэлт
Хүчирхэг тэмүүлэл

Харин би
Чамайг л мөрөөдөж, хайж
Нээлт хийх гэж
Нууцад нэвтрэхдээ бишүүрхсэн
Бяцхан охин явсан

Бүгдийг нь хэлж амжаагүй
Шүлэг болгож буулгаагүй бол
Харамсмаар
Чиний хөгжим

Алсад дууднам.

Шар цэцэгтэй зураг

Шав шар цэцэгс дүүрэн зурсан
Аагим халуун зургийн өмнө зогсном
Нартай, сүүдэргүй өдөр урьдаас төөнөж
Бие минь халууцаж, шатах шиг боллоо

Зураачтай би хэзээ учирсан билээ
Зүрхийг минь яаж мэдсэн юм бол
Нэрийг нь ч дуулаагүй хирнээ
Зураг нь яасан танил!

СУУМГАЙ ЄВГЄН


Фабиан хємсгєє зангидан бодолдоо дарагдчихсан ажил руугаа яарах тул єнєєдєр чухам ямар єдєр, нартай юу, vvлтэй юv гэдгийг ч анзаарсангvй. Дvvргийн захиргааны нэгэн байгууллагад ажилладаг тvvнд бичиг цаасны ажил барагдахгvй их. Яарсаар ажил руугаа явах замдаа тэр єдрийн хийх зvйлээ нэгд нэгэнгvй тєлєвлєдєг заншилтай аж. Удахгvй тушаал дэвшинэ гэж дотроо бvрэн итгэлтэй яваа Фабианд сvvлийн vед ажлын бvтээл, ад их чухал байлаа. «Ноён Клаус єнєє хариу бичиг явуулсан л байгаасай... Даргад vзvvлээд (энэ vед Фабиан даргынхаа улбар шар царай хэрхэн мушилзан, дуртай дургvй инээх бол гэж тєсєєлєв) ...за тэгвэл ч хэдэн сар зvтгэсний vр дvн гарлаа шvv» гэж Фабиан бодох тусам тушаал дэвших нь улам ч ойртоод байх шиг санагдан, хєл нь газар хvрэхгvй яарч явлаа. Тэрээр эрvvл мэнддээ их анхаарах тул алхаж очдог юмсанжээ.
Фабиан угсармал улаан тоосгон орон сууцны хажуугаар єнгєрєхдєє нэгэн орцны vvд рvv харав. «Сууж байна» гэж Фабианы дотор гялсхийв. Орцны vvдний дэргэд тахир дутуу хvний тэргэн дээр нэгэн биерхvv гэгчийн євгєн ийшээ ч нэг тийшээ ч нэг харсан шиг их л тухтай сууж байв. Євгєний vрчгэр нvvр цаанаа л нэг тайван, анхны харцаар тvvнд итгэж болмоор энгийн хэрнээ их юм vзсэн шинжтэй санагддагийн учир юунд буйг Фабиан єєрєєсєє гайхан асуудаг байлаа. Гэсэн ч тодорхой хариу єгєлгvй, харин vvгээр єнгєрєх бvртээ єєрийн эрхгvй євгєнийг харчихдаг болжээ.Том буурал толгойтой євгєн Фабианыг явах бvрт ийнхvv гадаа сууж байдаг тул євгєнийг гэртээ их уйддаг байх даа гэж дvгнэв. Тэгээд заримдаа єєрийгєє хєгширсєн хойноо энэ євгєн шиг болох ч юм билvv гэж тєсєєлєєд инээнэ. Євгєнийг хэзээ л харнав, ямар ч бvрхэг эсвэл нарлаг єдєр байсан сэтгэл хангалуун байгаа нь царайнаас нь илт харагдана.
Фабиан бєєн эрч хvч дvvрэн ажил дээрээ ирэв. Юунд ч юм сэтгэл нь баясна. Залуу юуны тvрvvн єєрт нь ирсэн цахилгаан шуудангаа vзэв. Ноён Клаусаас сураг алга. «За яахав, єдєр тийшээ ирэх биз» гэж єєрийгєє тайвшруулав. Дараа нь Сюзанаас ирсэн мэйлийг сэтгэл догдлон нээлээ. «Бид хоёр ер нь таарахгvй юм байна гэж би ойлгов.. Энэ бvхэн улам лавшраагvй дээр салсан нь зєв байх аа. Уучлаарай Сюзан» гэсэн хэдэн vгийг уншаад Фабиан нvдэндээ итгэсэнгvй. Тэрээр дахин, дахин уншаад vг бvрийн цаана Сюзан юу бодсон юм бол гэж эргэцvvлэн дэлгэц рvv ширтэн суулаа. Тэр яах ч учраа олохгvй ингэж суухад нь улбар шар толгой нvдэнд нь гялсхийх шиг болж, харвал дарга нь орж ирсэн байв.
- Єглєєний мэнд гэж дарга ёс тєдий хиймлээр инээн хэлэхэд Фабиан яагаад ч юм хариу ч дуугарч чадсангvй. Дарга юу ч хэлсэн Фабиан энэ мєчид бvх бурууг єєртєє тохоход бэлэн байгаа мэт санагдлаа. Улбар шар толгойтой дарга нь олон юм ярьсангvй, харин Фабианыг жижигхэн сэргэлэн нvдээрээ хэсэг ажиглаад, дуугvй гарч одов.
Энэ єдєр Фабиан юу ч хийж чадахгvй байлаа. Єнєєх єглєє бодож тєлєвлєєд байснаас нь юу ч гараас гарсангvй. Сюзаны захианы учрыг олох гэж баахан бодож, ухаан санаа нь бичиг цаасны ажилдаа тєвлєрч чадахгvй байснаас гадна эцэст нь vvндээ ч бухимдлаа. Сюзантай муудалцаад арваад хонохдоо Фабиан тvvнийг арай ч ингэнэ чинээ даанчиг санасангvй. Сюзаныг аль хэдийн єєрийн ирээдvйн эхнэр гэж бодон, энэ тал дээр одоо амар тайван байж алба ажлаа ахиулъя гэж шийдчихсэн явсан тvvнд том цохилт боллоо. Эртээдхэн л найз нєхєддєє єєрийн гараар цогцлуулан босгож байгаа амьдралаа гайхуулан ярьж байсан нь ганцхан єдєр юу ч vгvй нурах шиг болов. Сюзанд хариу захиа бичих гэж хэд хэд оролдсон ч, юу бичих, яах гэж бичихээ vл мэднэ. «Над шиг залуу дахиад олдохгvй дээ» гэж єєрийгєє толинд харангаа єєрийн эрхгvй хэлэх авч сэтгэл нь нэг л тайвширч єгсєнгvй. Хэргийн учир нь єєр юманд байх шиг санагдана. Гэвч юу вэ гэдгийг тэрээр хэлж мэдэхгvй байв. Аргаа бараад Клаус руу утасдав. Клаус их л тайван, Фабианд бvр ёжтой дуугаар,
- Би бодож байж болно. Манай талаас энэ асуудлыг дахин авч хэлэлцэх байх гэх нь тэр.
Фабиан орой ажлын цаг дуусав уу vгvй юу давчхан єрєєнєєсєє бушуухан гарав. Нэг мэдэхнээ дэлгvvр орчихсон тамхи авч байлаа. Уг нь тамхинаас гараад жил болж байгаа юм. Дэлгvvрт тvvнд худалдагч авгайгаас эхлээд бvгд худлаа инээгээд байх шиг санагдан, бас л яаран, тvргэн гарахын тvvс болов. Тамхиа шуналтайгаар сорон, хаачихаа мэдэхгvй зам даган аажуу алхана. Зєєлєн салхинд хийсэх ганц хоёр навчийг хараад намар болж буйг сая л мэдэх шиг болов. Нэг мэдэхэд цаг гаруй ийнхvv явж, vдшийн бvрий болоход нэг шар айрагны газрын vvдэнд зогсч байв. Согттолоо ууя байз гэж шийдэн эхний удаадаа хэдэн лонх шар айраг шууд захиалаад, тэнд суух нас тогтсон гvзээтэй эрчvvдийг дайлж яриаг нь дэмжих янзтай толгой дохин суув. Халамцуу эрчvvдийн харц энд тэнд хєвж, чанга чанга гэнэт гэнэт инээж бие биеийнхээ дууг давах гэж хашгирахад Фабиан согтох бус харин юунд ч юм зэвvvцэх гомдох хослон шар айраг нь хvртэл ой гутам муухай амттай санагджээ. Фабиан ухасхийн гарч, дахин тамхи асаагаад цааш алхав. Yдшийн сэрvvн салхи тvvнд аврал мэт санагдан, цээж дvvрэн амьсгалж, vvндээ єєрєє ч баясан гэр нь ойртох тусам албаар удаан алхлав. Залуу явсаар нэг мэдэхнээ улаан тоосгон байрны дэргэдvvр єнгєрч, суумгай євгєнийг єнєєх л байрандаа сууж байхыг хараад хvvхэд шиг баярлажээ. Тэрээр дєхєж очих уу, болих уу гэж эргэлзсэн ч vгvй, шууд л євгєн рvv чиглэв.-Ажлаасаа тарж явна уу, залуу гэх євгєний уриалгахан, хєгжилтэй дуунд Фабиан бvр ч баярлан, хэзээний танил шиг,
-Харин тийм гэж хариулав. Залуу єнєєдєржин хайгаад байсан зvйлээ гэнэт олсон мэт байвч, чухам «олзондоо» балмагдан, юунаас эхлэх, ер нь яах ёстойгоо vл мэдэн хэсэг дуугvй боллоо.
-Єдєр богиносч байна шvv. Одоо ч миний ингэж суудаг нь багасах нь дээ гэж євгєн бодлогоширон хэлэхэд Фабиан,
-Би харин таныг байнга л харах юм. Єглєє ч, vдэш ч та байж л байх юм. Та ч надаас дутуугvй ажил хийх юмаа гэж Фабиан яриа єдєх янзтай дуугарахад євгєн дуртайяа инээж,-Тэр ч тийм шvv, би чинь дєрвєн ханан дунд тогтож чадахгvй хvн юм. Барилга барьж, гадаа ажиллаад сурчихсан юм хойно. Тэгээд ч гадаа энэ тэрийг харж суухад зугаатай даа. Фабиан євгєнд тамхи сарвайсанд євгєн зузаан цагаан гараа халааснаасаа гарган нэг ширхэгийг аваад,
-Нэг баагиулчих уу даа, эмч надад хориглоод л байгаа юм. Зєв бурууг нь хэн мэдэхэв. Дуртай vедээ татчихаад л явсаар єдий хvрлээ шvv... Чи ингэхэд яагаав? гэж євгєн гэнэт Фабиан руу нvдээрээ инээмсэглэн дотно дуугаар асуухад, Фабиан тvvнд сэтгэлээ нээмээр болж, Сюзаны тухай болоод ажил амьдралаа ярьж єгєв. Євгєн дуугvй сонсон, хааяа тамхиа барилгачдын татдаг маягаар хэнэггvй нэг сорчихоод, залуу руу vе vе судалсан янзтай харж суув.
«...Yнэндээ одоо яахаа ч мэдэхгvй байна. Зорьсондоо хvрчихлээ гэж бодож байтал ахиад эхнээс нь эхлэх ёстой болж байдаг. Ингээд бодохоор би ер нь юунд хvрсэн юм бэ гэж гайхах юм. Дахиад л тэгээс нь эхлэх шатан дээр зогсч байна шvv дээ гэж Фабиан єєрєє єєртэйгєє ярих мэт дуугарчээ. Євгєн нэг ханиагаад, тамхиа сорж єєр юм дуугарсангvй. Фабиан,
-Би ядуу айлд тєрж єссєн юм. Багаасаа л ядуу байхын зовлонг мэдэрч, мєнгє нэр тєрийн араас зvтгэж эхэлсэн. Ядуу байхад бvгд адилхан байдаг байтлаа жаахан дээшээ гараад ирвэл илvv их боломж байдгийг би vзлээ. Тэгээд олсноо алдахгvйг хичээж, єдєр шєнєгvй л зvтгэлээ дээ. Жаахан амжилтад хvрч гайгvй албатай болохын vед ганц хайртай хvнээ ээжийгээ алдсан. Ээжийгээ жаргаана, баярлуулна гэсээр, ирээдvй рvv харсаар завгvй байтал хажууд минь ээж чимээгvй нас барчихдаг... Ингэж хэлэхдээ Фабианы хоолой чичирхийлэн, нэг юманд хорссон мэт дуугарч,-Амьдрал надаар тоглоод байх шиг санагдах юм гээд дуугvй болов. Євгєн Фабианыг єрєвдєн харлаа. Чухам Фабианыг бус харин ерєєс хvний зовлон, сэтгэлийн шархыг нь єрєвдсєн нь тэр. Євгєн уртаар санаа алдаад,
-Би орос гаралтай герман хvн. Нэгдvгээр дайны vед манайх Герман руу дvрвэсэн юм. Би тэгэхэд жаахан хvvхэд байлаа. Тэгээд Орос нутгийг санахдаа алтан оройтой сvм, нарлаг єдєр, хус мод нь дурсагддаг байлаа. Гэтэл хоёрдугаар дайны vед германы цэрэг болчихсон орос руу дайтаж явлаа. Одоо бодохоор юуны тєлєє, яах ч гэж байлдаж явсан юм гэж гайхдаг юм. Орос ч, Герман ч миний эх нутаг, тэнд ч энд ч ганц нар ижилхэн гэрэлтэж, газар шороо хавраар цэцэглэдэг байтал... Гэвч тэр vедээ би юу ч ойлгоогvй явсан. Хvн алж, юу ч боддоггvй явж... Дайны дараа барилгын мэргэжил сонгож, сурах ажиллах хослуулан хэсэгтээ л баахан зvтгэлээ. Дайны vед танилцсан польш бvсгvйтэйгээ гэрлэж нэг хvvтэй ч болж, амьдрал жигдрэн, одоо л нэг сайхан амьдаръя гэж байтал барилгын ажил дээр єндрєєс унаж, ингээд энэ сандал дээр насан туршдаа хадагдлаа даа. Эхнэр маань хvvхдээ аваад орхиод нутагаадаа явчсан.Євгєний хоолойны єнгє єєрчлєгдсєнгvй. Тvvний хатуужсан харцыг Фабиан гэнэт олж харлаа.-Тvvний ч зєв байсан биз. Хvvгээ тэжээж чадахгvй, дээрээс нь єєрєє хvний гарт орчихсон хєгшин надаар яах ч билээ. Суумгай болсноос хойш л би ихийг бодож эргэцvvлэх болсоон. Єнєєдєр ухаарсан бvхний тєлєє би дэндvv их єндєр vнэ тєлсєн дєє. Алдаж, онож, бууж єгєлгvй тэмцэж, шинээр эхэлж шархалж явсан бvх vе минь одоо ард хоцорчээ. Єнєєдєр надад айх юм алга. Зовлон ч, жаргал ч сонин биш. Хичнээн зовж эсвэл баярласан ч цаанаа аль алиных нь хуурамчийг мэдэх хойно тоохоо больчих юм даа. Чи гайхаж байна уу? Залуу хvнд ч дэмий л vг байх. Чи бид хоёрын жаргалыг хvсэх нь єєр єєр юм. Євгєнийг ийнхvv ярьсаар байхад Фабиан энэ яриаг цааш сонсохыг хvссэнгvй. Тэрээр юунаас ч юм айж, оройтоогvй дээр нь євгєнєєс холдоё гэж шийдэн сэмхэн ард нь гарч, нэг мэдэхнээ хєлс нь цутган гэрийн зvг бараг л зугтаж байв. Тэр юу ч бодож чадахгvй байв. Гар нь салганан тvлхvvрээрээ vvдээ нээв. Нойрны эм давхарлан уулаа.
Фабиан маргааш єглєє нь ажилдаа мєн л яаран алхалж явлаа. Аманд нь єглєє радиогоор явсан дууны ая vе vе орж ирнэ. Улаан байшингийн дэргэдvvр єнгєрєхдєє орц руу ажвал євгєн нєгєє л тайван, дулаахан харцаар эргэн тойрноо ажин сууж харагдана. Фабиан бушуухан харцаа буруулан цааш яаран алхав. Тэрээр санаа алдан маргаашнаас автобусаар єєр замаар ажилдаа явж байхаар шийдэв.
Бонн. 2001 он