Saturday, April 6, 2013

ХУВИЙН vs. НИЙТИЙН



1990-ээд оноос хойш Монголын нийгэмд гарсан томоохон өөрчлөлт бол хувийн ашиг сонирхол зах зээл, нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон явдал. Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээр амьдралаа зохиож, хүссэн зүйлээ хийх эрх, эрх чөлөөгөөр хангагдсан нь ардчилсан хувьсгалын гол ач гавьяа яах аргагүй мөн. Нийтийн эрх ашиг хувийн сонирхлоос дээгүүр тавигддаг байсан социалист нийгмээс хувийн ашиг сонирхол давамгайлдаг тогтолцоо руу шилжих явц сүүлийн хорин жил хурдацтай өрнөж, монголчууд хэдхэн жилийн дотор хувийн өмч, зах зээл, ардчилал, хүний эрх гэх үгсийг хамгийн өргөн хэрэглэх болсон. Өнөөдөр хорин жилийн туршид явж ирсэн замналыг басхүү ард иргэдийн амьдралыг харахад хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн улс төр, авилгал, хариуцлагагүй эзэнгүй шударга бус байдал, ядуурал, гадуурхал, олигархуудын ноёрхол тогтож, нийгмийн үнэт зүйлийн үнэлэмж алдагдсаар байна. Монгол улс хүний хөгжлийн индексээр хөгжилтэй орнуудын түвшингээс хэдэн арав дахин доогуур явна. Авилгалын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх тун ойрхон байна. Улс орны хоцрогдол эдийн засгийн чадавхитай ихээхэн холбоотой ч бидний нийгмийн тогтолцоогоо өөрчлөх явц өндөр үнэтэй, урт удаан үргэлжилж байна. Шилжилтийн гэж нэрлэгдэх энэ явц хэдийгээр хувьсгалын дараахь зүй ёсны үзэгдэл ч төрийн сайн засаглал, менежментийн муугаас үр дүн багатай, сунжирсан, замбараагүйтлийг дагуулсан, хувийн ашиг сонирхолд хэт үйлчилсэн, нөхөж баршгүй гарз хохирол ихтэй байна. Түүнчлэн нийгмийн баялгаас олонхи бус цөөнх нь хүртэж, нийгэмд хүчирхийлэл, гэмт хэрэг, бухимдал, архидалт, гэр бүл салалт, ядуурал зэрэг нийтийн үзэгдэл болсон. Нэг үгээр хэлбэл нийгэмд их задрал явагдаж байна. Хамгийн гол нь энэ задралын процессыг хэт даамжируулан, өдөөх тусам монголчууд доройтол, хоцрогдлооосоо салж чадахгүй бөгөөд эргээд нийгмийг эрүүлжүүлэхэд, нуураасан зүйлээ босгоход тэр хэмжээгээр асар их хөрөнгө, цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай болохоос гадна угаасаа засч залруулж чадах эсэх нь үндэстний оршихуйн асуудал.
Нийгмийн тогтолцоог орвонгоор нь өөрчилж, феодализмаас социализм руу шууд харайсан түүх давтагдаж, 1990 онд социализмаас зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгэм руу шууд алгасан орсон ард түмэн бол бидний монголчууд. Хувьсгалын тохироо бүрдэж, нийгэмд хувьсгал хийх нь түүхэн хэрэгцээ шаардлага байж болох авч хүний нийгэм техник машин биш, түүний эд ангийг цоо шинээр солих бус харин аажмаар дасган хэвшүүлэх аргаар хөгжүүлдөг бололтой. Чухамдаа органик амьд зүйл учраас ийнхүү нийгмийн тогтолцоог шинэчлэн өөрчлөхдөө өмнөх тогтолцоонд байсан, сайтар хэвшүүлж чадсан ололттой дэвшилттэй зүйлийг шинэ нийгэмдээ авч үлдээх зайлшгүй шаардлагатай байж. Үүн дээр л бид алдаа гаргасан юм болов уу. Эдийн засгийг аажмаар чөлөөлөлж, зах зээлийн тогтолцоог нэвтрүүлэх явцдаа хуучин цагт байсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалах бодлого, дадлага туршлага, төлөвшсөн үнэлэмжийг алдахгүй байх ёстой байсан. Аюулгүй орчин, байгаль хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуун зэрэг нийгмийн үнэт зүйлийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, төрийн болон иргэний соёл ухамсар, үүрэг, хариуцлагын тогтолцоо өмнөх социалист нийгэмд сайтар төлөвшсөн байсан. Үнэхээр ч боловсролын түвшингээрээ монголчууд бусад хөгжиж буй орнуудаас давуу талтай байсаар ирсэн. Эдийн засгийн онолчид, тухайлбал, Нобелийн шагналт Амартья Сэн, боловсрол, эрүүл мэнд нь эдийн засгийн хөгжлийн үндэс гэж үздэг. Ардчилсан нийгэмд боловсролтой иргэд эрх чөлөөгөө эдлэх илүү боломжтой, зөв сонголт хийж чаддаг, төр нь иргэний хэрэгцээг мэддэг, дэд бүтцийг нь бий болгодог тул ядуурал гарах үндэсгүй гэж үздэг энэ эрдэмтэн нийгмийн хөгжил нь эдийн засгийн хөгжлийн урьдах нөхцөл гэдэг. Улс орон болгон өөрийн түүхэн нөхцөл байдлаас хамааран хөгжлийн янз бүрийн загварыг бий болгодог нь тодорхой. Хуучин социалист орнуудын хувьд ч Энэтхэг, Латин Америкийн хөгжиж буй орнуудаас ялгагдах онцлогууд бий. Хэрвээ манай улс социалист нийгэмд тодорхой хэмжээнд бүрэлдэн тогтсон нийгмийн хөгжил, үнэт зүйлийг зах зээл, ардчиллыг төлөвшүүлэхэд суурь болгон шилжилтийг ухаалгаар залж, хэт задгайруулалгүйгээр, нэгэнт төлөвшсөн төрийн хариуцлага, нийтийн ухамсар соёлыг ор үндэсгүй гээлгүй авч үлдэж чадсан бол өдийд бид ийм мухардалд орохгүй байсан болов уу.
Тухайн үед хуучин ЗХУ нурж, манай улс эдийн засгийн хувьд уналтанд орж, хүмүүс өдрийнхөө талх картны бараанд оочерлодог байсан болохоор нийгмийн үнэт зүйлийн тухай бодох сэхээтэй амьтан байгаагүй байх. Эдийн засгийн доройтол, гадна дотны үйл явдлын нөлөө, эзэнгүйдэл, төрийн чадваргүйдэл зэрэг олон асуудлаас нийгэмд шилжилтийн үеийн өвчнүүд улам даамжирч, үнэт зүйлүүд алдагдаж, сэхээтнүүд гадаадад “хар” ажил хийх болсон. Хэсэгтээ л монголчууд шинэ нийгмийн тогтолцоонд дасаж, учраа олох гэж алдаа оноон дунд бүдчин явсан энэ бүх хугацаанд хамгийн хор хөнөөлтэй нь улс орны эрх ашгийг аль нэг намын эсвэл хувийн (хэсэг бүлэг хүний) эрх ашгаас доогуур тавьдаг улс төр цэцэглэсэн явдал гэж бодож байна.
Шилжилтийн үеийн савалгаан дунд төрийн болон нийгмийн жинхэнэ үнэлэмжүүд алдагдаж, зах зээл, хүний эрхийн нэрийдлийн доор төр нь хувийн сонирхлыг хэт өөгшүүлж, явцуу хүрээнд, нэг аж ахуйн нэгж эсвэл бүлэглэлийн сонирхолд үйлчилж, тэгэх тусам иргэдэд нийтийн, улсын гэх ёс суртахуун үгүй болж, ямар ч үнээр хамаагүй өөрийн амин хэрэгцээг дээгүүр тавих хандлагатай болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өөрөөр хэлбэл зэрлэг зах зээлийн хуулиар хэн чаддаг нь хувиа хүртэх дүрэм хавтгай үйлчилж, төр нь авлигад идэгдэж, нийтийн эрх ашгийг хөндсөн хууль дүрэм байвал мушгин гуйвуулж хэрэгжүүлэхгүй байх сонирхол нүүрлэжээ. Уул уурхайн олборлолт ч бай, газрын маргаан ч бай, ямар нэг тусгай зөвшөөрөл, тендер зэрэг олон жишээн дээрээс харахад нийтийн эрх ашиг хоёрдугаарт тавигдаж, тэргүүн ээлжинд хэн нэгний хувийн эрх ашигт үйлчлэх гээд байдаг албан болон албан бус тогтолцоо газар авлаа. Хувийн сонирхлыг тахин шүтэх явдал газар авах тусам улс орон өөрөө доройтож, төр нь хүчгүй болж, эцэст нь цөөхөн монголчуудын хувьд энэ нь сүйрлийн аюул болно гэдгийг бид саруул ухаанаар харах цаг болсон мэт. Хэдийгээр бид заримдаа шилжилтийн үе дуусч байна гэж ярих дуртай болов ч үнэн хэрэг дээрээ манай нийгэм зэрлэг басхүү эмзэг хэвээрээ, томоохон эрсдлийг даах чадваргүй, нийгмийн үнэт зүйлийн үнэлэмж төрийн болон иргэний ухамсарт  төлөвшиж амжаагүй (тэр хэмжээгээр монголын оюуны дархлаа сайн тогтоогүй) байгаа тул хурдацтай хөгжлийн талаар ярих эрт төдийгүй цааш нэмж уруудахаас л эмээх нь зүй.
Социалист нийгэмд нийтийн (намын) эрх ашиг бүхнээс дээгүүр тавигдаж, нийтийн өмчөөс эхлээд нэгдэл, хамтрал, нийтийн үзэл суртал гэдэг байсан бол капиталист нийгэмд зуун хувь эсрэгээрээ хувийн өмч, хүний эрх, хувийн сонирхол гэх болж, монголчууд бид сүүлийн зуун жил энэ эрс тэс тогтлын дунд хөлөө олох гэж зүдэрч байна. Ерөөсөө ардчилал, хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдлэн хэрэгжүүлэхэд нийгмийн үнэт зүйл буюу нийтийн болон хувийн эрх, ашиг сонирхол хоорондоо зөрчилдөх тохиолдол байнга гардаг. Үүнд маш болгоомжтой хандахгүй бол нэг бол хэт хувийн эсвэл хэт нийтийн ашиг сонирхлыг өөгшүүлэх гээд байдгаас тогтолцооны гажуудал үүсдэг. Өнөөгийн манай нийгэм хувийн эрх ашгийг хэт өөгшүүлсэний бодитой жишээ болоод байна. Хамгийн ойрхон жишээ татахад тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт хувийн компаниуд  дүүрэн орон сууц барьчихсан байх эсвэл аль нэг уул уурхайн компанийн үйл ажиллагаа гол горхийг ширгээж, амьдрах орчныг сүйтгэж байна. Хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, эрүүл агаарт гарах, үр хүүхдээ тоглуулах орчин хумигдсаар үгүй болж, дэлгүүр, баар, саун зочид буудлууд гишгэх газаргүй ярайна. Нийтийн зам, амьсгалах агаарын асуудал гамшгийн байдалтай байсаар хотынхон хэдэн жилийг үдэж байхад хөдөөд хоёр гуравхан мянган хүн амтай суманд архи борлуулах цэг, архины үйлдвэрүүд хэдэн арваараа, ажилгүйдэл, архидалт, ядуурал, гэр бүлийн хүчирхийллийн дунд монголын амьдрал үргэлжилсээр. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнс баталгаагүй, дунд сургуулиудад хэрэглэж байгаа сурах бичиг гэхэд хэдэн янз гэх мэт. Хууль нь баян, эрх мэдэлтэй хүнд үйлчилж, ядуу, танил талгүй хүн хуулиас “гадуур” амьдарч байна.
Ийм байдлаар төрийн шийдвэрийн дийлэнх нь хувийн эрх ашигт нийцэн гарч, харин улс орны, нийтийн эрх ашигт хамаарах нийгмийн үнэт зүйлүүд алдагдаж, иргэдээс эрүүл саруул төрд итгэх итгэл үгүй болж байна. Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин, боловсрол, итгэл үнэмшил, соёл урлаг, үндэсний эрх ашиг зэрэг нийгмийн үнэт зүйлүүд хуулиар хамгаалагдсан байдаг бөгөөд түүнийг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шүүх болон бусад хяналтын шатанд хамгаалах нь туйлаас чухал юм. Нийтийн эрх ашгийн цаана хүн бүрийн эрх байгааг хууль тогтоох, хэрэгжилтийн болон хяналтын шатанд бодитоор анхаарч байх хэрэгтэй юм. Өнөөдөр бид эрх зүйт төр буюу хуулийг дээдлэхийг эрхэмлэж байгаа ч хууль нь өөрөө цөөнхийн эсвэл  аль нэг бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцэн гарч, нийтийн эрх хохироход хүрч, тэднээс хуулинд бодитой нөлөөлөх боломж хязгаарлагдмал байна.
Нийтийн болон хувийн ашиг сонирхолын дундах зохистой тэнцвэрийг олох нь ардчиллын жинхэнэ утга агуулгатай нийцнэ. Ардчилсан нийгэмд төрөөс аливаа харилцааг зохицуулахдаа хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь зүй ёсны хэрэг боловч нөгөөтэйгүүр нийтийн эрх ашиг хохирох ёсгүй. Үүнийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгох нь зүйтэй санагдана. Энэ зарчим хууль тогтоогчдод ч, төрийн захиргааны болон хууль хяналтынханд ч ижилхэн хамаарах учиртай. Тухайлбал, ХБНГУ-д бүр Үндсэн хуульдаа энэ асуудлаар тусгай зохицуулалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хувь хүний эрх, эрх чөлөө нийтийн эрх ашигтай зөрчилдөхөд тэнцвэртэй харьцааг олох тусгай “жор” байдаг. Энэхүү жор буюу шалгуурын гол үзэл санаа нь төрийн аливаа бодлого шийдвэр зорилгодоо бүрэн дүүрэн нийцсэн буюу гарцаагүй шаардлагатай, арга хэлбэр нь тохирсон, хамгийн гол нь тэнцвэртэй байх ёстой аж. Ингэж байж нийгэмд зохистой харьцаа бий болж, төлөвшинэ гэж үздэг. Жишээ нь, аль нэг асуудалд нийтийн болон хувийн эрх ашгийг харьцуулан жинлэж үзэх ба үнэхээр нийтийн эрх ашгийг хамгаалах нь тухайн тохиолдолд илүү чухал, гарцаагүй шаардлагатай мөн хамгийн тохиромжтой шийдэл бол төр шийдвэрээ айхгүй гаргах эрхтэй, төрийн байгууллагын энэ эрхийг хуулиар хамгаалсан байдаг. Шүүх энэ гаргалгааг зөв зүйтэй, зохистой харьцааг олсон гэж үзвэл нийтийн эрх ашгийг хамгаалсан төрийн шийдвэрийг хэвээр үлдээх юм. Өөрөөр хэлбэл, энэ бол төрийн бүх шатны хэмжээнд зохистой харьцааны тухай зарчим бүрэн дүүрэн хэрэгжиж буй хэрэг бөгөөд парламентын гишүүн нь ч бай, захиргааны албан тушаалтан ч бай, шүүх цагдаа ч бай энэ зарчмаар явж чадаж байгаа нь нэг талаас ардчилал, хүний эрхийг маш нарийн шалгуураар тууштай хамгаалж, нөгөө талаас төрийн бодлого зохистой, хүний эрхээ ч хамгаалдаг бас нийтийн эрх ашгийг ч дээдэлдэг цогц механизм  юм. Тус улс бүр Үндсэн хуулийнхаа хэмжээнд асуудлыг зохицуулж өгснөөр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг нийтэд нь мөрдүүлэх хаалгыг нээсэн бөгөөд сүүлдээ энэ нь ёс заншлын хэм хэмжээ болтлоо нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх юм.
Монголчууд бид өөрсдөө уг нь төрийн үйл хэрэг явуулах гайхамшигт уламжлалтай ард түмэн. Тухайлбал, хууль цаазаар хүний бие хэлийг, харин шашнаар сэтгэлийг захирах хос ёсны сургаалийг хэрэглэж байжээ. Үүний цаана төр иргэн оюуны болоод ёс суртахууны үнэлэмжтэй байх, нийгмийн үнэт зүйлийг дээдлэх том соёл байсан. Ёс заншлын хэм хэмжээ болох Монголын хос ёсны сургааль болон эрх зүйт төрийн зохистой харьцааны тухай Германы зарчим нь арга хэлбэрийн хувьд өөр өөр ч нийгмийн үнэт зүйлийг хамгаалах, дээдлэх утга санаа нэгтэй гэж үзэж болох юм. Нийгмийн үнэт зүйлгүйгээр, түүнийг хамгаалах төр, дээдлэх иргэнгүйгээр улс орон доройтож, ард түмэн зовдог.
Саяхан манайд Эдийн засгийн чуулган болоход ногоон эдийн засгийн тухай  асуудлыг онцгойлон хөндсөн. Ногоон эдийн засгийн цаана нийтийн эрх ашиг буй. Төрөөс байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, харин ашигтай боловч байгальд хор хөнөөлтэй бизнесийг хязгаарлахад үндсэн хуулийн хэмжээний эрх төрд байх хэрэгтэй болно. Эдийн засаг институцигүйгээр, эрх зүйн тогтолцоогүйгээр хөгжихгүй гэж энэ жилийн Нобелийн шагналт эдийн засагчид бичиж, мөн манайд айлчилсан ноён Ф. Де Сото ч чуулган дээр хэлж байсан санагдана. Өнөөдөр хэн дуртай нь юу дуртай хийхийг ардчилал гэж ойлгож, төр нь хүчгүйдэж, цөөнх нь завшиж, ядуурал буурахгүй байгааг бид өөрсдийн нүдээр харж байна. Энэ замбараагүйтлийн цаана  Монгол улс хохирч, хоцрогдож байна. Төр нь хуультай, зарчимтай, үнэлэмжтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг баймааж хүчтэй байна. Иргэд итгэх, дээдлэх, тэмүүлэх үнэт зүйлтэй байж амьдрал нь өөдрөг, эвтэй, аз жаргалтай байна.  Эндээс л төрийн соёл, төрийн алсын хараа, ардчилсан Монгол төрийн уламжлал эхэлнэ гэж бодож байна. 

1 comment:

Megarek said...

таалагдлаа нийтлэл тань.